Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи гэсэн дөрвөн арлын хоёрыг ОХУ-д шилжүүлэн өгөхийг япончуудын таван хувь нь дэмжиж буйг “Nikkei” сонин мэдээллээ. Судалгаанаас үзвэл, эхлээд хоёр арлыг өгөхийг судалгаанд оролцогчдын 46, уламжлал ёсоор дөрвөн арлаа бүгдийг өгөхийг шаардахыг 33 хувь нь дэмжжээ. Харин Япон Улс хоёр арлын талаар хэлэлцээ хийхгүйгээр нөгөө хоёрыг өгөхийг иргэдийнх нь таван хувь л сайшаасан байна.
Тэгэхдээ 1956 оны хамтарсан тунхгийг үндэслэн Найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээрийг түргэтгэх шаардлагатай гэсэн энэ сарын 14-нд хийсэн хоёр улсын удирдагчдын тохиролцоог судалгаанд оролцогчдын 67 хувь нь дэмжжээ. Үүнийг 21 хувь эсэргүүцсэн гэнэ.
1956 онд ЗХУ болон Японы тал гарын үсэг зурсан Хамтарсан тунхаг бичигт Москва Найрамдлын гэрээ байгуулсны дараа Японд Хабомаи, Шикотан арлыг өгөх боломжийг авч үзэхийг зөвшөөрөөд, Кунашир, Итуруп арлын талаар дурдаагүй аж. Энэ баримт бичиг маргаанд цэг тавина хэмээн ЗХУ найдаж байсан ч Япон уг тунхгийг асуудлын нэг хэсгийг л шийднэ гэж үзээд, бүх арлыг нэхэхээс татгалзахгүйгээ мэдэгджээ.
Дараагийн хэлэлцээнүүд амжилтад хүрээгүй төдийгүй дэлхийн II дайн дууссаны дараа ч тус хоёр улс найрамдалгүй өдий хүрсэн байна. Дөрвөн арлыг уг дайны үр дүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан, ОХУ-ын нутаг дэвсгэр гэдэгт хэн ч эргэлзэхгүй байр суурийг Москва баримталдаг аж.