"Очир" төвд амь насаа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны арванэгдүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг оролцогчдын саналыг харгалзан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлон зарласан байсан. Харин шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь "эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх” үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргаснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл шүүх хуралдааны хойшлуулаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал завсарлаж, шүүгчид дөнгөж сая шийдвэрээ танилцуулсан юм.
Шүүхээс охины амийг хэрцгийгээр хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноожээ.