- Туркийн иргэн манайхны мэдээллийг тусгай албадад дамжуулдаг байсан байж болзошгүй –
Хар тамхины аюул харанга дэлдэж буйг хэдэн жилийн өмнөөс хэвлэл мэдээллийнхэн бичиж, анхааруулсаар байсан ч шийдвэр гаргах түвшинд үл ойшоосоор, эцэстээ мансуурагчид, наймаачдынх нь толгойг илсэн хууль батлан хэрэгжүүлж буй билээ. Арга ч үгүй биз. Төрийн тэргүүнийх нь, гүйцэтгэх засаглалынх нь эрх бүхий албан тушаалтнуудын хүүхдүүд, хууль хэрэгжүүлэгч прокурор нь, улс орны нүд, чих болсон тагнуулын байгууллагын ажилтан нь хүртэл мансууруулах бодистой холбоотой хэрэгт татагдчихаар тэднийгээ эрүүгийн хариуцлагаас мултлахын тулд хуулийн зүйл, заалтыг зөөллөсөн нь лавтай. Ийнхүү ихэд энэрэнгүй баталсны хор уршиг уу, ямартай ч “цагаан тахал”-д донтох хүмүүс жилээс жилд нэмэгдэх болсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан тоон мэдээллээс харж болно.
Хар тамхины гэмт хэрэгт монголчууд холбогдох болсон нь бидний ухамсар дорой, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй байгааг ашигласан гадаадын мафийнхны үйл ажиллагааны үр дүн гэхэд болохоор. Хэдэн жилийн өмнө манай орныг хар тамхины аюул багатай гэж олон улсад дүгнэж байсан бол 2000-аад оны сүүлчээс тээвэрлэгч орон хэмээх ангилалд оруулсан. 2010-аад оноос хойш дамжин өнгөрүүлэгч гэж байснаа өдгөө хэрэглэгч орны жагсаалтад багтаасан нь эмгэнэл биш гэж үү. Харийн мафийнхны тээвэрлүүлж байсан мансууруулах бодисын тодорхой хэсэг нь Монголд үлдсээр, манай залуус бие биедээ дамжуулан төлбөртэй, төлбөргүй дамжуулсаар урлагийн оддыг дуурайх дуртай охид, хөвгүүд сонирхож хэрэглээд, донтогч болон хувирчихаад байна. Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” гэх мэт мафийнхны гар хөл болж тээвэрлэж байсан олон хүний хийсэн ажлын “гавьяа” нь Монгол дахь мансуурагчдын тоог өсгөв.
Хилийн чанадаас удирдан тээвэрлүүлж байсан гадаадын мафийнхнаас гадна Монгол Улсад суурьшиж, манай залуусыг “цагаан тахал”-ын аюулд өртүүлж байсан хүн цөөнгүй. Тэдний нэг байж болзошгүй Туркийн иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг, “Амгалан” хотхон дахь гэрээс нь баривчлан шалгаж эхэлсэн. 2017 оноос хойш манай улсад амьдарч буй, монгол эхнэртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 38 настай М гэх турк эр гэртээ мансууруулах төрлийн каннабис тарьсан бөгөөд орон сууцныхаа нэг буланг ургамал тарихаар тусгайлан тохижуулсан төдийгүй үр бордоогоо гадаадаас оруулж ирсэн аж. Тэрбээр “Эмчилгээнд хэрэглэх гэж тарьж ургуулсан” хэмээн цагдаагийнханд тайлбарлаж буй бөгөөд гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр эхнэрийг нь ч шалгаж буй гэнэ. Мөрдөн байцаалтын явцад харийн энэ эр ургуулсан мансууруулах үйлчилгээтэй ургамлаасаа бусдад худалдсан гэх баримт тогтоогдоогүй ч нарийвчлан шалгаж байгаа юм билээ.
Туркийн иргэн М ямар нэг ажил эрхэлдэггүй, компьютерын өндөр мэргэшсэн инженер гэх мэдээлэл байна. Магадгүй манай төрийн болон хувийн байгууллагуудын мэдээллийг хакердаж, гадаадын тусгай албадад дамжуулдаг байсан байж болзошгүй гэх хардлага буй юм билээ. Юутай ч эд мөрийн баримтаар хураасан компьютерынх нь мэдээллийг холбогдох байгууллагынхан шинжилж буй сурагтай.
Монгол эхнэртэй турк эр гэртээ мансууруулах бодис тариалж байсан хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн бол Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф гэх эрийг эхнэрийнхээ хамт Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэн, борлуулсан гэх хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэд олон улсын шуудангаар ЛСД (LSD) хэмээх нэг төрлийн мансууруулах бодис оруулж ирэн борлуулдаг байсан хэрэгт холбогдсон юм. Энэ хүмүүсээс өмнө монгол залууст мансууруулах бодис бэлтгэж, хэрэглэх аргыг заадаг байж болзошгүй. Түүнчлэн Димитрий Николаевич Уткин гэх эрийг манай Хар тамхитай тэмцэх газрынхан баривчлан шалгаж, шүүх ял шийтгэж байсан билээ.
Мөн Японы болон АНУ-ын иргэд мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан үйлдэлд холбогдон манай улсын хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан ч гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа