Чилийн Атакама цөлийн хэд хэдэн бүс нутагт сүүлийн 500 орчим жилийн хугацаанд бороо огт ороогүйн улмаас ургамал, амьтан нь бүгд мөхсөн байна. Харин өнгөрсөн сараас эхлэн үе үе бороо орж буй нь илүү аюул дагуулах болсонд олон орны судлаач сэтгэл зовж байна. Ялангуяа байгалийн шалгарлаар хэт хуурай нөхцөлд дасан зохицож, амьд үлдсэн бичил биетүүд устах аюулд оржээ. Цөлийн биосфер (амьдрал оршин байж болох бүх орон зай буюу литосфер, гидросфер, тропосфер) хурмастын гэнэтийн бэлгэнд цочирдож, мөхөх эрсдэл асар өндөртэй юм байна.
Усгүйгээр амьдрах чадвар зарим бичил биетэд бий бөгөөд тэдгээрийн ачаар Атакама өнөөг хүртэл амьд байсан. Хэдэн зуун жил бороо ороогүйн улмаас газар хатаж, хагарч гандсан онцгой нөхцөл байдлыг олон улсад Ангарагийн хуурайшилт гэж нэрлэдэг аж. Тэгвэл Атакамад үүссэн Ангарагийн хуурайшилтад дасан зохицсон бичил биетүүдийг бороо аврахгүй, тэдгээрийг хамгаалах ямар ч боломжгүй. Өдгөө тус цөл Улаан нүдэн гараг шиг, бүр тодруулбал, мөхсөн газар болох нь гэдгийг “Scientific reports” сэтгүүлд нийтэлсэн байна. Тус цөлтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээ өнгөрсөн долоо хоногт дэлхийн зарим хэвлэлд цацагдсан юм. Тэр нь “Атакамагийн гийчин” хэмээн нэрлэдэг занданшуулсан шарилын тухай. Биедээ хэт томдсон данхар толгойтой, жирийн хүнд байдгаас цөөн хавиргатай, асар том нүдтэй зэрэг олон онцлогтой эмэгтэйн тэр шарилыг 2003 онд тус цөлийн зах хэсгийн эзэнгүй суурингаас олсон аж. Тухайн үед тэр газрыг нууц туршилтын лаборатори бөгөөд харийн хүний цогцос хадгалж байсан гэх мэтээр бөөн шуугиан дэгджээ. Тэгвэл ердөө 15 см урт уг шарил буюу “Атакамагийн гийчин”-ийг олон талаас нь шинжилж, судалсан эрдэмтдийн багийнхан “10 хос хавирга, данхар толгойтой, бага насны хүүхэд шиг царайтай шарил дэлхийнхээс өөр иргэншлийнх биш. Жирийн л хүний хувьссан (мутац), гаж ураг байсныг тогтоолоо” гэж мэдээлэв.