Байгалийн гамшгийн улмаас хүмүүс амь насаа алдах эрсдэл манай гаргийн аль хэсэгт өндөр байгааг харуулсан, дэлхийн орнуудын шинэ жагсаалтыг Германы “Bundnis entwicklung hil¬ft” нийгэмлэгийн мэргэжилтнүүд гаргасан тухай “Der spiegel” сэтгүүлд мэдээлжээ.
Германы Рур их сургуулийн профессор Катрин Радтке тэргүүтэй мэргэжилтнүүд дэлхийн 171 орны байгалийн гамшгийн статистикт, мөн ийм гамшигт эрх баригчдынх нь бэлэн байдлын түвшинд дүн шинжилгээ хийсэн байна. Жагсаалтын нэгдүгээрт Номхон далайн Ванауату-Тонга улс оржээ.
Энэ бүс нутагт газар хөдлөлт, цунами, хар салхи онцгой аюул учруулдаг байна. Үер буух, галт уул дэлбэрэх эрсдэл маш өндөр байдал Филиппинд бас ажиглагджээ. Мөн эрсдэл өндөр орнуудын тоонд Төв Америк, Баруун болон Төв Африк, Зүүн өмнөд Азийн улсууд орсон байна. Харин байгалийн гамшгийн үед эрсдэлийн хувьд Катар, Мальта, Саудын Араб харьцангуй аюулгүй орон аж. Судалгаанаас үзвэл хангалттай тооны зам, нисэх онгоцны буудлуудтай байх нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хариу арга хэмжээг түргэн шуурхай авах боломж аврах албаныханд олгодог учраас тухайн улсын дэд бүтэц нь аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл болдог гэнэ. Тэрчлэн цахилгааны шугам сүлжээний тогтвортой байдал, ундны усны хангамж, эмнэлэг, эмчийн хүрэлцээ онцгой ач холбогдолтой аж.