Монголчууд 60 хүрч ухаан суугаад, 61 настайдаа “чад хийдэг” үе өнгөрсөн. Хүн амын дундаж нас 71.51-д хүрч, нэмэгдчихээд байхад бидний сэтгэлгээ л ахисангүй. Нийгмийн сүлжээгээр 1980-аад оныхон нэгэндээ Ахмадын баярын мэнд хүргэж, 1990-2000 оны хүүхдүүд ах, эгч нараа “Юрийн галавынхан” гэж цоллоно. 1970-аад онд төрсөн хэдийгээ бүр “Амьд юм уу” гэж маазрах. Залуугаараа хөгшрөх эл “дон” нийгэмд, хойч үед хэрхэн буруу үлгэрлэж буйг мэддэггүй.
ДЭМБ хүн амын насны ангиллыг саяхан шинээр тогтоосон. 25-44 насыг залуу, 44-60-ыг идэр, 60-75 бол ахимаг, 75-90-тэй хүмүүсийг хөгшин гэж үзэв. Гэтэл манайхан 30 хүрэнгүүтээ л хөгширлөө гэцгээдэг. 35-аас дээш насныханд ажил олдох нь ховор. Төр, засаг нь хүртэл 45 хүрэнгүүт нь иргэний үнэмлэхийг нь сүүлийн удаа солиод, дахиж шинэчлэх шаардлагагүй гэж үздэг. Идэр насныхан нь 50 хүрэнгүүтээ тэтгэвэрт гарахаар ярьж, бичиг баримтаа хөөцөлдөх болов. Дөнгөж 25 хүрч яваа хүү, охиноо эцэг, эх нь “Хүнтэй суу, хүүхэд чинь оройтлоо” гэж шална. Цагаан сар, шинэ жилийн баяр ч дөхлөө. Ураг саднаараа уулзахад ганц биечүүд “буланд шахуулж”, “Хэзээ хань ижилтэй болох гэж байна”, “Хөгширлөө, оройтож хүүхэд төрүүлбэл осолтой” гэх мэтээр шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй асуултаар булуулдаг нь бараг нийтлэг үзэгдэл. Монголчуудын энэ мэт ядарсан сэтгэлгээ, нийгэм нь хүмүүсээ эрт хөгшрүүлдэг юм байна гэж эрхгүй бодоход хүрэв.
Япончууд 30 нас гартлаа гэрлэх сонирхолгүй байдаг. Тэр болтол өөрийгөө боловсруулж, төлөвжихөөс гадна санхүүгийн хуримтлалтай болдог. Нийгэмд байр суурь эзэлснийхээ дараа л хүүхэдтэй болох, эсэхээ ярилцдаг гэнэ. Улсынх нь эдийн засаг хөгжсөн, хүн амынх нь дундаж нас өндөр, цаг агаар, хоол, хүнсний хэрэглээ зэрэг нь үүнд хамаатай байх л даа. Гэхдээ л тэд өөрсдийгөө үргэлж залуу гэж итгэдэг. Биологийн нас өндөр ч сэтгэл санаагаар өөдрөг, эрч хүчтэй байхад хүн бага өтөлдөг гэдэг.
Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэг “Монгол хүний сэтгэлгээ онцлогтой. Дэлхийд ой тогтоох чадвараараа гайхуулж байна. Тогтсон хандлагаа өөрчилж чадна гэдгийг өөр олон жишээ ч харуулдаг. Таван жилийн өмнө манай багш оюутнуудаас “40 настай хүнийг хэн гэх вэ” гэж асууж байсныг саналаа. Тэгэхэд хүүхдүүд дуу нэгтэй “хижээл насны хүн” гэж хариулсан. Тэд ухамсаргүйгээр 40 насыг хөгшин гэж бодож байна. Тэгвэл энэ насанд хүний жинхэнэ хийж бүтээх оргил үе нь байдаг. Тухайлбал, амьдралын арвин туршлагатай, үнэт баялаг болж, төлөвжсөн. Хамгийн үнэтэй нас ч гэж хэлдэг. Гэтэл ийм насныхны “сезон” буурчихаад байгаа нь үнэн. Хувьсгалын он жилүүдээс өмнө манайхны дундаж нас өндөр байсангүй. Энэ нь ч нөлөөлж байсан биз. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн. Жишээлбэл, Барууны орнуудад хүүхдүүд нь 18 нас хүрэв үү, үгүй юү өрх тусгаарлан, санасан бодсон ажлуудаа амжуулж, “өөрийгөө олсны” дараа гэр бүлээ төлөвлөдөг. Харин манайд нэг гэрт аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхөр гээд олуулаа амьдардаг. Бүлгийн сэтгэхүйтэй. Гэр бүлээ төлөвлөх талаар бараг ойлголтгүй. Монголчуудын уламжлалт сэтгэлгээг ажиглахад, 1990 оноос өмнө хүүхдүүддээ гэр бүлийн боловсролыг хүмүүжлээр нь дамжуулан олгодог байж. “Эмэгтэй хүн өөрөөсөө 4-8 насаар ах хүнтэй гэрлэвэл аз жаргалтай, тайван амьдардаг”, “Эр хүн 30 хүрч байж эхнэр авах нь зөв” гэхчлэн амаас ам дамжин ярьдаг байв. Харин одоо энэ бүтэц, систем алдагдсан. Гэр бүл, амьдрах арга ухааны талаар зааж сургахаа больсон. Боловсролын системд ч өрх гэрийн хүмүүжлийн талаарх ойлголт алга. Хүүхдүүд өөрсдөө л энд, тэндээс сонссон, дуулсан, уншсан зүйлсээрээ дамжуулан өөрийгөө хүмүүжүүлж байна. Барууныхныг хэт дуурайж нэг бол оройтож, эсвэл эрт гэрлэж, хүүхэд төрүүлдэг” гэж ярилаа.
Ази сэтгэлгээ, соёл гээчийг бид хэт шүтэж, үйлчилгээний байгууллагуудад хүртэл өндөр, залуу, царайлаг, бие хаа, царай зүс сайтай хүмүүс ажиллуулдаг болсон. Гэтэл АНУ, Европын орнуудад онгоцны үйлчлэгч, зоогийн газрын зөөгч зэрэг үйлчилгээний газрын ажилчид нь хүртэл өндөр, нам, өргөн, бүдүүн, хөгшин, залуу хэн байх нь хамаагүй аж. Түүнтэй хүн болгон хүндэлж, инээмсэглэж харилцдаг байх жишээтэй. Сэтгэл судлаачид “Батлагдсан мэдээллийг залуучуудад зөв хүргэх, хувь хүний хөгжил, амьдрах ухаан зэргийг боловсролоор нь дамжуулан зааж сургах, хэдэн насандаа хүүхэдтэй болох, ханиа хэрхэн сонгох, цаашид яаж амьдрах талаар, эцэг, эх, эхнэр, нөхөр байх ухааныг өвлүүлэх нь чухал” гэсэн юм.
Дэлхийд 60-аас дээш насны 900 гаруй сая хүн аж төрж байна. 2050 он гэхэд энэ тоо 2.1 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Эрүүл мэндийн боловсрол дээшилсэн, идэж, уух зүйлээ шилж сонгодог, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрах болсон бидний дундаж нас хэдхэн жилийн дараа 80-90 рүү “харайх” нь тодорхой. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2017 оны судалгааг үзвэл, 15-64 насныхан нийт хүн амын 65.7 хувийг эзэлж байна. 2000 оноос хойш 15 жилийн дараа бид түүхэндээ байгаагүй олон иргэнээ өлгийдөн авсан бол өдгөө өсөлтийн муруй доошлох болов. Хүн амын цонх үе эргэх гэж буй тул залуусын орон гэгддэг Монгол Улсад 15-20 жилийн дараа 35-аас дээш буюу идэр насныхан жин дарах төлөвтэйг судлаачид таамаглаж байна. Тухайн үед төрийн бодлого ямар байх бол. Өмнөх шигээ 50 хүрэв үү, үгүй юү “заазлаад” орхичих юм уу. Тэдэнд чиглэсэн тодорхой бодлого хэрэгтэй болжээ. Өндөр хөгжилтэй орнууд шиг ард иргэдийнхээ хуримтлуулсан ажлын туршлага, амьдралын ухаан дээр нь “босох” хэрэгтэй гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Барууны орнуудад тухайн хүний үс бууралтах тусам үнэт капитал болдог. Хөгширсөн гээд өөрийгөө хаяж, өөртэйгөө ажиллахаа больдог хуучинсаг сэтгэлгээгээ халцгаая. Бид хэдий болтол аав, ээж нараа гэрт нь “хадчихаад” хүүхдүүдээ харуулж суулгах вэ. Зүсэнд үрчлээ суудаг ч зүрхэнд хэзээ ч үрчлээ суудаггүй.