87 тэрбум төгрөг. Энэ бол маш их мөнгө. Ядарсан иргэдийн хувьд зүүдлэх ч “эрхгүй”, магадгүй айлгаж мэдэх асар их хөрөнгө. Улсын хөрөнгөөр дархан эрхтэйгээр угжуулдаг задарсан нэгний хувьд ч чамлахааргүй мөнгө.
Саяхан Баянхошуунд ашиглалтад оруулсан 240 ортой цэцэрлэгийн гурван давхар, олон улсын жишигт нийцүүлсэн барилгыг гурван тэрбум төгрөгөөр барьсан гэсэн. Үүнээс улбаалан тооцоолоход 87 тэрбум төгрөгөөр дунджаар 250 хүүхдийн багтаамжтай сургууль 25-27, эсвэл мөн тооны цэцэрлэгийн барилга барих боломжтой. Бүр цаашлаад ийм хэмжээний мөнгө байвал “данагар” сайхан гурван эмнэлэг барьчих боломжтой. Үүнийг мэргэжилтнүүд хэлж байна. Яармагт хэчнээн жил “дуншиж” байгаа төрөх эмнэлгийн санхүүжилт 30 тэрбум төгрөг гэж байсан. Өнөөдөр Монголдоо цорын ганц ХСҮТ ачааллаа дийлэхгүйн улмаас хүнд өвчтэй хүмүүс нэг сар хүртэл хүлээж байж эмнэлгийн бараа харж байгааг бид мэднэ.
Улсад зайлшгүй хэрэгцээтэй бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө дутаад, эсвэл төсөвлөөгүйн улмаас энэ мэтээр гацчихсан ажил өч төчнөөн бий. Гэтэл нийслэлийн Тээврийн газрынхан төсвийн 87 тэрбум төгрөгийг зүгээр л “цацаж” байх юм. “Нийслэл хотын тээврийн салбарт орчин үеийн дэвшилт техник, технологи нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн систем бий болгоно” хэмээсэн гоё уриа, зорилготой тус байгууллага төсвөөс хэдий хэмжээний санхүүжилт авдаг, түүгээрээ юу хийдэг вэ.
Иргэдээ дээдэлнэ гэсэн нь лөөлөө бололтой. Энэ оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийн нөхцөли сайжруулах жил” болгон зарласнаа автобуснуудад зурагт хуудас болгон нааснаас өөр ажил эднийх хийсэн үү. Өдөр бүр хэдэн арваар тогтохгүй гомдол, санал энэ байгууллагын цахим хуудсанд “жагсаж” байна. Тэдгээр гомдол, мэдээллийн мөрөөр ажил хийдэг, эсэх нь үнэндээ эргэлзээтэй. “Жолооч нар автобусанд тамхи татаад байна. Иргэд татвал “алуулна” биз дээ”, “Ажлын бус цагаар хувийн машинаараа хүүхэд мөргөөд, хэргийн газраас зугтсан жолооч нийтийн тээврийн автобус жолоодоод явж байхыг хараад айж, гайхлаа” гэх зэргээр иргэд бичжээ. Үнэндээ одоо ч тамхиа баагиулж, утсаараа элдэв зүйл ярьсан шигээ явж л байна автобусны жолооч нар чинь. Уг нь улсаас авсан мөнгөнийх нь хэмжээгээр дэнслэвэл энэ байгууллага шил, толь шиг гялалзаж, дээшилж, дэвших учиртай.
Нийслэлийн Тээврийн газарт олгох санхүүжилт жилээс жилд нэмэгдэж буй аж. Гэсэн ч иргэд сайжирсан бус, “муужирсан” үйлчилгээ авч байна. Цахим хуудсаар 1970-1980 оны Улаанбаатарын дүр төрхийг харуулсан баримтат киноны хэсэгт нийслэлийн иргэд нийтийн унаанд суух гэж “алаан” болж байгааг хараад “Ямар хэцүү амьдарч байсан юм бэ” гэх зэргээр өчнөөн хүн сэтгэгдлээ бичсэн байна лээ. Гэтэл өнөөдөр 87 тэрбумаар тоологдох мөнгийг улсаас авсан нийтийн тээвэрт ийм дүр зураг өдөр бүр байгаа шүү дээ. Тэр үеийг бодвол кондукторыг картаар сольсон нь дэвшил байж мэднэ. Гэхдээ энэ салбарын судсыг атгадаг байгууллагынхан нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүлсэн гэх хувийн байгууллагад үйл ажиллагаагаа “даатгачихаад”, зүгээр суудаг гэхэд хилсдэхгүй.
2017 онд тус байгууллагын шугамын орлого 50.6 тэрбум төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, автобусаар зорчсон хүмүүсийн төлсөн мөнгөний хэмжээ. Үүний хажуугаар нөхөн олговор буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэсэн хэмээн төсвөөс 30.6 тэрбум төгрөг авсан аж. Энэ онд төсвөөс авсан 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийнх нь 30.6 тэрбум нь нөхөн олговорынх.
Ингээд зогсохгүй тус газрынхан хотын төсвөөс орлого, зарлагын зөрүү санхүүжилт хэмээн 57.9 тэрбум төгрөг авчээ. Зорчигч тээвэрлээд хуримтлуулсан орлого нь үйл ажиллаганы зардлаа нөхөж дийлэхгүй байгаа учраас төсвөөс авсан мөнгөн дэмжлэг гэж үүнийг ойлгож болно. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог хүмүүсийн төлбөрийг төрөөс өгсөн байхад уг нь орлогынхоо тодорхой хэмжээг үйлчилгээгээ сайжруулахад зарцуулж болмоор санагдана.
Тэд энэ их мөнгөөр юу хийдэг нь харин тодорхойгүй юм билээ. Давхардсан тоогоор өдөрт 600 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн. Гэтэл тэдний 56 хувь нь төлбөрөө төлж зорчдог насанд хүрсэн хүн, 16 хувь нь хүүхэд байгааг судалгаанаас харж болно. Зөвхөн энэ баримтад тулгуурлан тооцвол нийтийн тээврийн салбар өдөрт 187 сая төгрөгийн орлоготой. Тухайн орлого, зарлагын мэдээллийн талаар лавлахаар нийслэлийн Тээврийн газарт хандсан боловч “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл авах шаардлагатай. Бидэнд орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй” гэх юм. Үйл ажиллагааны бодлогоо зангидах ёстой төрийн байгууллага биз дээ, уг нь. Хамгийн чухал судсаа хувийн хэвшлийнхэнд “атгуулчихаад” үл мэдэгч болдог нь ямар учиртай вэ.
Нийслэлийн Тээврийн газар нөхөн олговроо одоо хэр нь өгч дуусгаагүй тул 2018 он шувтрахаас өмнө шийдэж өгөхийг автобус компанийн удирдлагууд тус байгууллагад уламжилсан юм байна. Тэдний мэдээлснээр, хэрэв үлдэгдэл 17 тэрбум төгрөгийг шийдэж өгөхгүй бол 2019 он гараад автобус компанийнхан “ажил хаях” магадгүй гэж байна. Нөхөн олговроо авч чадаагүй учир үйл ажиллагаа явуулж чадахгүй учраас ийм алхам хийхийг үгүйсгэхгүй гэнэ.
Нэг жилд барагцаагаар 50 гаруй тэрбумын орлоготой ажилладаг байгууллага яагаад “өрөнд” ороод, бусдад чирэгдэл учруулан луу унжаад байгааг холбогдох албанынхнаас тодруулав. 2014 онд нийтийн тээврийн салбарт төлбөрийн цахим систем нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” компанийнхан орлогынх нь багагүйг авдаг гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол орлогынх нь 30 хувийг дээрх компани авдаг. Үүнийг нь суурилуулсан карт уншигч, камерынх нь өртөг гэж ойлгож болох юм билээ. Гэтэл сүүлийн үед бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг хачин үзэгдэл болж байгаа сурагтай.
Эх сурвалжийн мэдээлснээр “Улаанбаатар смарт карт” компанийнхан нийтийн тээврийн орлогоос цаашдаа ч “идсээр” байх гэнэ. Уг нь тус компани үйл ажиллагаагаа эхлэх үед нийслэлийн удирдлага “Гурван жилийн хугацаанд орлогоос шимтгэл аваад, автобуснуудад суурилуулсан төхөөрөмжийнхөө зардлыг нөхчихвөл системээ нийслэлийн Тээврийн газарт хүлээлгэж өгнө” гэж байсан биз дээ. Гэтэл зарлагаа нөхөх нь битгий хэл алдагдалтай ажиллаж байгаа гээд цаашид орлогоос нь хувь авна гэж “гөжөөд” байгаа гэх. Тэгэхээр нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хотын төсвөөс авсан татаасаа нөхөн олговор нэрээр автобус компаниудад хуваарилж, орлогоо хувийн хэвшлийнхэнд “алдчихдаг” болж таарах нь уу. Ийм удирдлагатай нийтийн тээврийн салбар иргэдийг чирэгдүүлэхгүй үйлчилнэ гэдэг нь юу л бол. Энэ нь үнэний ортой, эсэхийг шалгах ёстой байгууллагууд нь тогтоох буй за. Улстөрчдийн “байгуулсан” ЖДҮДС хэмээх “эвсэл”-д эднийхэн элсчихээгүй байгаа даа.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ