Хотын соёл хаанаас эхэлдэг вэ. Бие биетэйгээ толгой гудайлган, соёлтой харилцах, эсвэл дэгжин, чамин хувцаслаж, гадаад хэлээр гангарахаас эхэлдэг юм болов уу. Эсвэл нийгмийн сүлжээнд идэвхтэй “амьдарч”, буруу бүхнийг шүүмжлэн суухыг хэлэх үү. Угтаа бол соёл гэдэг нь адгуусан амьтдаас ухамсарт сэтгэхүйгээрээ ялгардаг ганц амьтан болох хүнд л байх ёстой шинж чанар. Үүн дээр тулгуурлан их хотын соёл гэдэг зүйл яригдаж буй. Нэг хүний эрх, нөгөө хүнийхээр хязгаарлагдана гээд томьёолчихсон. Нэг үгээр хэлэхэд хотын соёл гэдгийг хотод амьдрах зөв хэвшил гээд ойлгочихож болно. Гэтэл нийслэлд хэр соёлтой иргэд амьдарч байгааг ганцхан зүйлээр аваад үзье.
Улаанбаатар хотод олон өндөр барилга, байшин сүндэрлэж байна. Тэр олон гоё, ганган байшин барилгын булан тохой, орц, хонгилыг манай залуучууд гаргаахгүй ашигладаг. Ганц байшингийн булан тохой ч биш, гудамж талбай, хаа таарсан газраа “онилж” нус, шүлс, цэр, тамхины ишний “бөөгнөрөлийг байгуулах” нь байдаг л үзэгдэл болов. Гудамжинд таарсан хэн нэгэн нусаа нийн, шүлсээ хаяж, хоолойд тээгэлсэн цэрээ бөөгнөрүүлж байгаад чулууддаг дүр зургийг хараагүй хүн байхгүй биз ээ. Тамхины ишээ сурамгай гэгч няслах нь бараг тэмцээн зохиох хэмжээнд хүрсэн гэлтэй. Харин нэг үеэ бодвол гудамжинд бие засах нь арай багассан шиг. Гэхдээ шөнийн цэнгээний газар, орон сууцны харанхуй булан үе үе “дайнд өртсөн” байдаг нь хэвээрээ. Бидний энэ мэт соёлгүй үйлдэл гадаадынхны нүдэнд хэрхэн тусдаг талаар монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяако номдоо “Гудамжинд яваа монголчууд нэг хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаараа хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр уг үйлдлийг гаргадаг. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” гэх мэтчилэн өөрийнхөө харсан, ой гутам дүр зургийг бичсэн байдаг.
Уг нь энэ бол их хотын иргэд жоохон л хичээхэд шийдвэрлэчих асуудал. Гэтэл хүмүүсийн ухамсрыг өөрчилж яагаад ч дийлэхгүй байсан тул 2017 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Эл хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Мөн эрүүл ахуйн тухай хуулийн зургадугаар бүлгийн 20.1.8-д ч энэ тухай дурдсан байдаг. Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглосон. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жил, хагасын хугацаа өнгөрсөн ч гудамж, талбай, орц, хонгил нь өнөөх л нус, цэрэндээ дарагдсан хэвээр байгаа нь харамсалтай.
Биенээ хүндлэх, соёлч боловсон зангаараа дэлхийд тэргүүлдэг улсын нэг бол Япон. Тус улсад ч энэ асуудал тулгарч байжээ. Тэд хатуу чанга хууль, торгуулийн аргаар иргэддээ ухамсарлуулж чадсан гэдэг. Өдгөө тэнд зөвхөн хувь хүний ухамсраар л шийдвэрлэгддэг асуудлын нэг болжээ. Гэтэл бидэнд хууль батлуулж, торгууль ногдуулсан ч дээрдсэн юм алга.
Уг хуулийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих эрх бүхий байгууллага нь цагдаагийнхан. Тус байгууллагын алба хаагчид тоо томшгүй олон хэрэг, зөрчлийн араас өдөр, шөнөгүй зүтгэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл үүн дээр нь иргэдийн нус, цэрийг “зохицуулах” том даалгавар ногдсон. Мэдээж нус, цэрээ ч захирчихдаггүй иргэдийг ухамсар дорой үйлдэл гаргасных нь төлөө торгууль ногдуулахад тийм ч амархан биш гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчдад “Хаа сайгүй хаясан нус, цэр, шүлс байхад ганц намайг л торгох гэлээ” хэмээн гомдоллодог бол, “Мөнгө байхгүй” гээд хэнэг ч үгүй зогсдог нь ч олон аж. Зарим нь бүр энэ хуулийн тухай сонсоо ч үгүй байдаг гэнэ. Гэхдээ л хууль бол хууль. Зөрчсөн л бол зохих арга хэмжээг нь авах үүрэгтэй. Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлээр нийт 2645 зөрчил илрүүлж, үүнд 2612 хүн холбогджээ. Уг зөрчлийн торгуульд нийт 35 910 000 төгрөг хуримтлагдсан байна.
Гэхдээ энэ нь зөвхөн нус, цэрээ хаясны торгууль бус, 5.1.2-т заасан биедээ хүйтэн зэвсэг авч явахыг хориглосон зөрчлийн торгуультай хамтатгасан дүн гэнэ. Уг зөрчлийн дагуу иргэнд 25 нэгж буюу 25 000 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг аж. Тэгэхээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өдийг хүртэл 1.5 сая иргэнээс 2612-оос бага хүн нус, цэр, шүлсээ хаясныхаа төлөө торгууль төлжээ. Үүнээс цагдаагийн албан хаагчдыг ажлаа муу хийлээ хэмээн буруутгах гэсэнгүй. Уг зөрчлийг арилгуулах өөр арга хайх цаг болсон бололтой. Жишээлбэл, 10 сарын хугацаанд хэдхэн хүнд торгууль ногдуулсан ч багагүй мөнгө хуримтлагдсаныг дээр дурдсан. Тиймээс заавал цагдаагийн албан хаагчид ухамсаргүй нэгэнтэй нь зууралдаж, “үйлээ үзэж” байхаар, торгуулиас хуримтлагдсан мөнгөөр нь сайн дурынхныг цалинжуулж, иргэдийг бие биедээ шаардлага тавьдаг ухамсрыг нь нэмэгдүүлбэл байдал арай дээрдэх ч юм бил үү. Бид угаасаа ийм заваан, ухамсар дорой байсан уу, гэвэл үгүй. Социализмын үед иргэдийг халаасандаа нусны алчууртай явахыг шаарддаг байсан. Тиймдээ ч их цэвэрхэн, ёстой л соёлтой хотын иргэд Улаанбаатарт амьдардаг байсан гэх “хуучны” хүний үгийг дуулж байлаа. Тэгэхээр хүний эрхийг дээдлэх, эрх чөлөөнд “хүрэх” тусам ухамсарт сэтгэхүйгээ, хотын соёлоо үгүй хийж, араатан шинж рүүгээ “уусаад” байх шиг.
Их хотын хөдөлгөөнд оролцож буй иргэдээс дараах асуултад хариулт авлаа.
Гудамжинд нус, цэр, шүлсээ хаявал 10 000 төгрөгөөр торгох хуулийн талаар та сонссон уу. Хэрвээ таныг нус, шүлсээ хаялаа гэж торговол хэрхэн хүлээж авах вэ?
М.МАРАЛМАА (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Энэ хуулийн талаар анх удаа сонсож байна. Гэхдээ сайн хэрэгжүүлбэл их л хэрэгтэй байна. Хүүхэдтэйгээ гудамжинд явж байхад яг хажууд шүлсээ хаячихаад яваад өгдөг нь их хэцүү. Түүгээр ямар ч вирус, халдвар тарж болзошгүй шүү дээ. Тиймээс хэрэгжээсэй гэж хүсэж байна. Үнэхээр шүлсээ хаяж байгаад цагдаатай таарвал торгуулалгүй яах вэ. Гэхдээ би гудамжинд бүү хэл, гэрийнхээ угаалтуурт ч шүлс, нусаа хаяж чаддаггүй. Цаасанд л боож хаядаг. Тэгэхээр торгуулахгүй гэж бодож байна.
Ж.НОМИНЧУЛУУН (Хан-Уул дүүргийн иргэн)
-Мэдээж зайлшгүй торгуулах шаардлага гарвал эсэргүүцэхгүй. Хуулийн тухай хэлэлцэхийг нь л сонссон. Хэрэгжүүлж эхэлсэн, эсэхийг сайн мэдэхгүй байна. Уг нь их зөв шийдвэр. Даанч манайхан үл ойшоовол хууль байсны шаардлагагүй болчих байх. Ер нь иргэдийн ухамсраар л хэмжигдэх зүйл гэж бодож байна.
У.АМАРСАЙХАН (Баянгол дүүргийн иргэн)
-Би төрийн албанд ажилладаг учраас хуулиа сайн мэднэ. Одоогоор торгуулсан, эсвэл ойр дотнын хэн нэгэн торгууллаа гэхийг сонсоогүй юм байна. Аль болох шүлсээ хаяхгүйг хичээдэг.
А.ЖАРГАЛМАА (Хан-Уул дүүргийн иргэн)
-Маш зөв шийдвэр гэж бодож байгаа. Хотын соёл иймэрхүү жижиг зүйлээс эхэлдэг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн шинж чанартай томоохон асуудлын талаар их ярьж, иргэд нь түүндээ анхаарал хандуулсаар энэ мэт зүйлийг анзаарахгүй өнгөрөөдөг мэт санагддаг.