Израилийн Засгийн газрын палестинчуудын эсрэг барьж буй бодлогыг эсэргүүцэж Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман үүрэгт ажлаасаа сайн дураар огцорсон. Ингэхдээ тэрбээр Газын зурвас дахь палестинчуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа Засгийн газрыг огцоруулж, парламентийн ээлжит бус сонгууль явуулахыг уриалжээ. Тэгвэл Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ уриалгын эсрэг байгаа байр сууриа илэрхийлж, улс орны тогтвортой байдлыг хадгалахын тулд одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой хэмээлээ. Хамгийн сонирхолтой нь, Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг давхар үүрч ажиллахаар шийдвэрлэснээ Нетаньяху мэдэгдэв. “Батлан хамгаалахын сайдаар анх удаа ажиллаж байгаа ч гэлээ улс орны аюулгүй байдлын асуудал их шүүмжлэгдэж байгаа энэ өдрүүдэд юу хийхээ би мэдэж байна” хэмээн хэлжээ. Палестинчууд 2018 оны гуравдугаар сард Газын зурвасын хил дээр тайван жагсаал хийсэн ч уг жагсаал олон нийтийн үймээн болон өргөжсөн. Ингэх болсон шалтгаан нь АНУ ЭСЯ-аа Иерусалим хотод энэ онд нээсэнтэй холбоотой байлаа. Үүний хариуд Израилийн Засгийн газар энэ сарын 12-нд Газын зурвасыг пуужингаар бөмбөгдсөн нь эвслийн Засгийн газрын нэгдмэл байдал ганхахад нөлөөлж байна.