Өлсгөлөн гуйланчлалыг бие махбодоороо мэдэрч, хүйтэн дайны хөлд үрэгдэхийн зовлонг сэтгэл зүрхээрээ туулсан улс үндэстнүүдийн нэг бол Өмнөд Солонгос. Өнөөгийн бидний мэдэх хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлт, орчин үеийн соёлын болон технологийн үсрэнгүй дэвшлийг тэд өөрсдийн гараар бий болгосон гэдэг. Ийм амжилт, ялалт тийм ч хямдхан олддоггүйг унаж, босохын амтыг утгаар нь мэдэрсэн хүмүүсээр үлгэрчлэн яриулах сан, “савангийн дуурь”-ийн оронд. Үндэстнээрээ зорьж тэмүүлэх нэгдмэл хүсэл мөрөөдөлтэй, үнэт зүйлтэй, өөрсдийн гэсэн үзэлтэй ард түмэн ямар нийгмийг цогцлоож болдгийг ухуулж ойлгуулах сан, гаднах хэлбэрийг нь л шүтээд байгаа залууст.
ЦЭРЭГГҮЙ БҮСИЙН ТҮҮХ ХИЙГЭЭД СУРГАМЖ
Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамтын ажиллагааны хүрээнд бидний хэдэн сэтгүүлч саяхан тус улсад томилолтоор яваад ирсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрөөс сэтгүүлчийн хувиар хамгийн олзуурхууштай нь DMZ буюу (Demilitarized Zone) хоёр Солонгосын Төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалт болсон цэрэггүй бүсэд очсон явдал байв. Манай залуусын дийлэнх олонхоороо даган дуурайж, хошуураад буй солонгос маягийн соёлын довтолгоо, гял цал өнгө үзэмж, гадаад хэлбэрдэлтийн цаана чухам ямар эмзэглэл өмнөд солонгосчуудад нуугдаж байдгийг эл цэрэггүй бүсээс мэдэрч болохоор санагдсан. Эртний Грекийн домогт жанжин Ахиллын амь өсгийндөө байдаг гэдэг шиг хөгжил дэвшлээрээ Азид төдийгүй дэлхийд дээгүүр давхиж буй энэ улсын хувьд хамгийн эмзэг цэг нь, бас хамгийн гунигт дурсамж нь энд л оршдог гэлтэй. Тэгсэн хэрнээ үүнийгээ түмэн олонд үзүүлэх аялал жуулчлалын тусгай хөтөлбөр болгосон нь зөвхөн мөнгө “саах” зорилго өвөртөлснийх бус, “Өнөөдрийн энэ ая тухтай амьдрал ямар үнэ цэнээр, хэчнээн их төлөөсөөр та бүхэнд ирснийг санаж яваарай” гэдэг захиасаа үр хойчдоо үлдээх гэсэн давхар санаатай ч байж мэдэх. Учир нь цэрэггүй бүсэд энд тэндхийн жуулчдаас гадна цэргийн сургуулийнх нь сонсогчид, оюутан, сурагчид өчнөөн очдог юм билээ.
2.5 сая гаруй солонгос хүний амийг авч одсон Солонгосын дайн 1953 онд дуусаж, гал зогсоох гэрээний дагуу энэхүү 250 км урт, дөрвөн км өргөн цэрэггүй бүсийг байгуулсан түүхтэй аж. Цэрэггүй бүсийн үзмэрийн гол хэсэг болох дөрвөн давхар байшингийн цэлгэр том цонхоор нэг тал руу нь харахад түмэн олонд зориулан алсын дуран авайнууд байрлуулж, амарч тухлах сандал бүхий тусгай хэсэг байх бол нөгөө талд нь торлож татсан төмөр хашлаганаас өөр юу ч алга. Хоёр өөр ертөнцийн уулзах цэг болсон энэ газарт нэг ширээ байсан ч “Умардын тал”, “Өмнөдийн тал” гэж дундуураа хуваагддаг болохыг хөтөч эмэгтэй тайлбарлана билээ. Энэ байшингаас алсран харагдах гал зогсоох шугамын хойд талд Умард Солонгосын Панмүн ордон, урд талд нь Өмнөд Солонгосын Эрх чөлөөний ордон өөд өөдөөсөө харан байрлажээ. Хоёр улсын төрийн далбаа намирсан ихээ өндөр шонгуудын дундуур Имжингаг гол урсах нь хэнийг ч алагчилж ялгалгүй ундаалан тэтгэдэг байгаль эхийн араншинг илтгэх мэт.
Солонгосын дайны үеийн сүүлчийн галт тэрэг
Үндэс угсаа нэгтнүүдийг өөр хоорондоо дайтахад хүргэсэн шалтгааныг сануулах, элгэн садангуудыг бие бие рүүгээ давшлахын тулд хамгийн хорон арга сэдэж байсныг илтгэх гуравдугаар нүхэн гарцтай бид танилцав. Хойд Солонгосын тал өмнөдийнхөн рүүгээ дайрах зорилгоор газар доогуур дөрвөн том нүхэн гарц ухсан байсны нэг нь энэ гэсэн үг. 1635 метр урттай, нэг цагийн дотор 30 мянга гаруй цэрэг дайран өнгөрөх хүчин чадалтай эл нүхэн гарцыг 1978 оны аравдугаар сард өмнөд солонгосчууд илрүүлжээ. Гар утас, камер, цүнх зэрэг бүх зүйлээ үүдэнд хураалган, хамгаалалтын малгай өмсөөд, газар доогуурх хонгилоор хүмүүсийг аялуулах “галт тэрэг”-нд сууцгаалаа. Хад чулуу ихтэй эл хонгилыг ухахын тулд хойд солонгосчууд хүй нэгдлийн үеийнх шиг ямар гээчийн бүдүүн баараг багаж хэрэгсэл ашигласныг жуулчдад харуулахаар үзүүлэн хүртэл гаргасан байх юм.
Хонгилоор тонголзон, цааш алхах зууртаа “Энэ хэцүү бэрхийг юуны тулд туулсан байх вэ” хэмээн бодож явтал нэг мэдэх нь ээ Хойд Солонгосын талд тулсныг илтгэх он цагийн тооцоолуурт самбарт (гал зогсоох гэрээ хийсэн өдрөөс хойших он, сар, өдөр, цагтайгаа гардаг юм билээ) ойртсоноор буцацгаав. Гуравдугаар нүхэн гарцаас ялимгүй зайдуу газарт он цагийн түүх, гунигт дурсамж хүүрнэх Эрх чөлөөний гүүр байх нь эндхийн бас нэг үзүүштэй зүйл аж. Солонгосын дайны үед хоёр тал олзны цэргүүдээ энэ гүүрэн дээр солилцдог байсан бөгөөд өмнөдийнхөн өөрийн мэдлийн нутаг дэвсгэртээ хөл тавингуутаа “Эрх чөлөө мандтугай” хэмээн уйлан хайлан хашхирдаг байсан гэнэ лээ.
Дотоодын эв нэгдэлгүй байдал нь аливаа орныг ямар ч улс төрийн тоглоом, том гүрнүүдийн өгөөш, туршилтын туулай болгож мэдэх эрсдэлтэйг хүн төрөлхтөнд сануулах мэт энэхүү зурваст ийн хөл тавьсандаа манай сэтгүүлчид тун олзуурхаж байлаа.
ТЭМЦЭГЧ АРД ТҮМЭН
Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч ард түмэн ямар байдгийг Өмнөд Солонгосын хэд хэдэн жишээнээс дэлхий нийт тод томруунаар харж буй. Их сургуулийн жирийн нэг оюутан охины эсэргүүцэл улс орон даяар өрнөсөн шударга ёсны төлөөх хөдөлгөөн болтлоо тэлж, улмаар анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө 24 жил хорих ялаар шийтгүүлсэн билээ. Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг эсэргүүцэн 2016 оны арваннэгдүгээр сараас 2017 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн жагсаалд тус улсын түүхэн дэх хамгийн олон буюу 17 сая гаруй хүн оролцсоныг Хөх ордны үзэсгэлэнгийн танхимын хөтөч хэлэв. Сөүл 10 сая орчим хүнтэй бөгөөд дээрх жагсаалд Өмнөд Солонгосын өнцөг булан бүрээс хүмүүс сайн дураараа ирж оролцон, тэгш эрхийнхээ төлөө, шударга ёсны төлөө тэмцсэн гэдэг. “Хүмүүс жагсаалд оролцохоор тал талаас автобусаар ирсэн” гэх хөтчийн тайлбар нь мэдэхгүй хүнд бол манайхны “царцаа” нүүлгэдэг шиг ойлгогдож мэдэхээр санагдсаныг нуух юун. Гэхдээ түүний өмнөх Ерөнхийлөгчөө ч авлигын хэргээр шоронд хийсэн ард түмэнд эргэлзэж яахин болох.
Ерөнхийлөгчийн Хөх ордны музей дэх түүхэн зургууд
Урьд нь Хөх ордны хамгаалагч нарын байр байсан хоёр давхар байшинг 2010 онд И Мён Бак Ерөнхийлөгчийн шийдвэрээр үзэсгэлэнгийн танхим болгож, БНСУ-ын үе үеийн Төрийн тэргүүнүүдийн түүхийг олон нийтэд харуулахын зэрэгцээ энэ ард түмэн шударга ёс, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийн төлөө хэрхэн тэмцэж ирснийг түүхэн гэрэл зураг, бодит дүрсээр үзүүлдэг аж. Олон жил үргэлжилсэн цэргийн дэглэмийг эсэргүүцэн, үе үеийн солонгосчууд амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин тэмцэж байсны нэг нь одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин бөгөөд ахлах сургуульд байхаасаа л ардчиллыг тууштай дэмжиж ирсэн түүний амьдрал, намтрыг харуулсан бүхэл бүтэн хэсэг Хөх ордны музейд байна билээ.
ХЭТ ХӨГЖЛИЙН СҮҮДЭР
1978 оноос хойш Сөүл хотынхны хогоо хаяж ирсэн 100 метр өндөртэй хогийн цэгийг яаж “World Cup Park” болтол нь өөд татсан, “Айхтар гайхуулаад байх түүхгүй улс шүү дээ” гээд манайхны томроод байдаг БНСУ түүхэн уламжлал, өв соёлдоо ямар хүндэтгэлтэй хандаж ирсэн, түүнийгээ хав дарж хадгалаад байх бус, эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулсан гээд үзүүлж харуулах, гайхуулах зүйл тэдэнд мэдээж бишгүй. Тухайлбал, “Нанта” буюу үндэсний уламжлалт хоолны соёлоо орчин үеийн шоу бизнестэй хослуулсан хошин урлагийн тоглолтыг нэрлэж болох юм. Солонгосоор ганц ч үг хэлэхгүй мөртлөө гадаад, дотоодын үзэгчдийг яаж хөгжөөж, соёлтойгоор хэрхэн элэглэж болдгийг, уламжлал, шинэчлэлийг ухаалаг хослуулбал ямархуу өвөрмөц онцлог бүтээл төрдгийг тэднээс манай хошин урлагийнхан суралцах зүйл их мэт санагдсан шүү. Монголд нэг удаа ирж тоглож байсан гэнэ билээ. Нэг удаагийн тоглолтын гайгүй суудал нь монгол төгрөгт шилжүүлбэл 120 мянгын үнэтэй, тэгээд өдөр бүр тоглодог гэхэд үзэгч пиг дүүрэн байсан нь “Нанта”-г ямар эрэлттэй гэдгийг илэрхийлэх буй за.
К-style HUB буюу солонгос маягийн соёлын үйлдвэрлэлийн газраар биднийг ороход бүхэл бүтэн нэг давхрыг нь шведүүд солонгос хоолны өдөрлөг хийнэ гээд түрээсэлчихсэн байхтай таарав. Энэ төвд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан мэдлэгийг яаж бүтээмж болгож буйг шимтэхээс гадна солонгос ододтой патиараа татуулан, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн аялал жуулчлалын брэнд болгосныг үзээд битүүхэндээ атаархах сэтгэл төрж л явлаа.
Үүний зэрэгцээ хэт хөгжлийн сүүдэр нийгэмд нь хэрхэн нөлөөлж буйг сэтгүүлчийн үүднээс анзаарахгүй өнгөрч чадсангүй. Тус улсын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн III хэлтсийн дарга На Юун Үктэй уулзах үеэрээ бид Монголд сүүлийн үед залуу гэр бүлүүд амьдралын боломж нь байвал яаж ийгээд дөрвөн хүүхэд төрүүлж, эхнэрүүд нь “Алдарт эх”-ийн одон авах сонирхолтой болсныг сайрхан ярьсан юм. Гэтэл тэрбээр “Ямар сайхан хэрэг вэ. Манайд харин ч эсрэгээрээ байна. Эдийн засаг өсөлттэй гарч, улс орон хөгжих тусам залуус ганц бие байхыг илүүд үздэг болсон. Жишээ нь, өнгөрсөн жил манай улсад төрөлтийн үзүүлэлт 0.9 хувьтай гарсан нь дайн тулаантай байсан жилүүдийнхээс ч долоон дор дүн. Залуус гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохоос зайлсхийдэг хоёр гол шалтгааны нэг нь “Миний хүүхэд надаас илүү сайн сайхан амьдрах ёстой” гэдэг солонгосчуудын үзэл. Хоёр дахь нь залуус нэгэнт олж авсан карьераа алдахаас эмээдэгтэй холбоотой. Хүүхэд төрүүлбэл их хэмжээний мөнгө өгнө гээд байхад л төрөлт нэмэгдэхгүй байна” хэмээн илэн далангүй бодит байдлаа ярив. Солонгос, Японд хүний дундаж наслалт эрс нэмэгдэж буй гэдэг сайхан мэдээний хажуугаар төрөлт илт буурсан гэдэг үнэн аж.
Нөгөөтээгүүр, Азид төдийгүй дэлхий даяар түгэн дэлгэрч буй К-style хэмээх загварын чиг хандлага нь эргээд солонгос охид, хөвгүүдийг нэгнээсээ огт ялгарах юмгүй баахан “хуулбар хүн” болгосныг гудамжинд тааралдах захын залуусаас мэдэрч болохоор байв. Үлгэрт гардаг шиг цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, бас болоогүй улаавтар өнгийн хацар өнгөлөгчөө зориуд нүднийхээ доогуур тавьсан охид хаа сайгүй байх аж. Байнга гар утастайгаа нөхөрлөх тэд өөрсдийнхөө болоод бусад охиныхоо зургийг авах жигтэйхэн дуртай бололтой. Өмссөн хувцсыг нь эс тооцвол өөрсдийгөө ялгаж таньдаг л байгаа даа гэмээр ижил төрхтэйг нь яана. Солонгост аль нэг од нь бусдаасаа содон байх гээд ямар ч хамаагүй, этгээд сонин чиг хандлага гаргангуут залуус түүнийг нь шууд даган дуурайдаг шоу ертөнцийн хиймэл, хэлбэрдсэн орон зай хэдийн бий болсныг нэг найз минь хэлж билээ. “Ухаан муутай хүнд харагддаггүй хувцас байгаа юм” гээд нүцгэн явдаг моод тэнд дэлгэрвэл энд манайхан ч бас даган дуурайхаас буцахгүй улс. Тиймээс “Монгол охидын дунд мөдхөн энэ моод дэлгэрч, хацар, шанаагаа биш нүднийхээ доогуур улаанаар будсан бүсгүйчүүд хаа сайгүй явах байх даа” гэж эрхгүй бодогдсон юм.