Хэд хоногийн өмнө Сүлжмэл-Зайсан чиглэлийн автобусанд “гологдоод” үлдэв. Автобусны бараанаар гүйсээр байгаад голын буюу зорчигч буудаг хаалганых нь хажууд очтол хаяад явчихнь тэр. Гүйсэн ч гэж дээ. Зам хөндлөн гараад л буудал дээр ирсэн хэрэг. Ингээд хаалгыг нь цохиод, даллаад нэмэр болсонгүй. Уг нь жолооч хөдлөхийн өмнө хоёр талынхаа толинд орчноо хардаг л баймаар. Гэтэл дөнгөж зогсоод 30 секунд ч бололгүй, зорчигчоо хаяад жирийчих юм. Над шиг тэр автобусны утааг нь үнэрлээд хоцорсон нэг настан “Энэ хавьд камер байна уу, ер нь энэ чиглэлд явдаг зарим жолооч зорчигч авах гэж биш, бараагаа харуулах гэж зогсдог. Ийм зүйл ганц, хоёр удаа тохиолдоогүй” хэмээн бухимдангуй өгүүлэв. Би ч энэ мэтээр хэдэнтээ “хаягдаж” байлаа. Чаддагаар нь жолоочийг “тэнэг амьтан” гэж хэлчихээд л дараагийн автобусыг хүлээн, горьдож зогсдог юм. Нийслэлд над шиг ийм “зовлонтой” хэдэн зуу, мянган хүн бий.
Хотын нэг захаас нөгөөд хүрдэг, өөрөөр хэлбэл холын эргэлттэй автобуснаас ингээд “хоцорч, гээгдчихээр” дараагийнхыг хүлээж хамгийн багадаа хагас цаг болно. Цаашлаад нэг цаг гаруй болдгийг жолооч нар мэдэхгүй биш, дээд зэргээр мэддэг. “Танай автобусыг төчнөөн цаг хүлээлээ” гэж бухимдсан хүмүүс картаа уншуулах зууртаа жолооч нарыг “барьж иддэг”, нөгөөдүүл нь яаж зүгээр байх билээ, хариуд нь хэдэрлэж, хэгжүүрхэж л байдаг. Ийм дүр зургийг өглөө, өдөр, орой болгон нийслэлийн өнцөг булан бүрт нийтийн тээвэр дотор харж болно гэдгийг эрхэм дарга нар болон нийслэлийн Тээврийн газрын удирдлагад дуулгая.
Ер нь нийтийн тээврийн жолооч нар их олон “аргаар” иргэдийг бухимдуулдаг. Үүндээ ч гаргууд гэж жигтэйхэн. Буудал дээр зогсохгүй, хамрыг нь хавчих шахаад хаяж явна, замын голд зорчигчдыг буулгана, тамхиныхаа утаагаар “ариутгаж” өгнө, бүдүүлэг авирлаж, харааж зүхнэ. Энэ бүхнийг иргэд тэвчээд л өнгөрдөг. Энд нэг зүйл онцлоход, бүх жолоочийг муу гэж гоочлоогүй шүү. Үнэхээр сэтгэлтэй, хүний төлөө гэсэн зүтгэлтэй нь бий. Хамгийн гол нь жинлүүр дээр тавихаар муу нь олон байх шиг. Гэхдээ бид энэ удаа жолооч нарын ёс зүй, харилцааны соёл, ажлын туршлага, мэдрэмжийн талаар хөндөөгүй учраас үүнийг хойш тавья. Бидний хөндөх сэдэв бол холын эргэлттэй автобусны чиглэл, туулах зам, хүлээлгэх гол шалтгаан юм.
Аливаа нийгмийн хөгжлийг шил, толь болсон өндөр барилга, үнэтэй дэлгүүрүүдээр бус, иргэдийнх нь сэтгэл ханамжаар хэмждэг. Нийгмийн эд, эс болсон хүмүүсийн аз жаргалын индексийн чухал үзүүлэлт болсон бухимдал, стрессийн түвшин нь тухайн улс, хотын хөгжлийн нэг том хэмжүүр юм билээ. Энэ үзүүлэлтээр дүгнэвэл Монгол Улсын ганц хот Улаанбаатар дэлхийн хэмжээнд “баян ходоод” болох нь гарцаагүй. Улаанбаатарчуудыг аз жаргалгүй болгоход нөлөөлдөг хүчин зүйлсийг бичвэл нэлээд сунжирсан жагсаалт гарах байх. Тэдгээрийн бараг тэргүүн эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмж бичигдэнэ. Энэ бол тус салбарын удирдлагын хариуцлага, бодлоготой шууд холбоотой. Хотын төсвөөс жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн татаас авдаг ч дэвжиж, дээшилдэггүй энэ салбарт хөндөх асуудал олон. Үүнийг иргэд, хэвлэл мэдээллийнхэн хөндөөд ч цочрохоо больжээ. Олон нийтийг ингэж залхааж, “шийтгэх”-ээ хэзээ болих вэ, нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан минь ээ.
Автобус ирэхийг хүлээсэн иргэдийн нүд ширгэх нь. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 90 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг гэсэн статистик бий. 90 чиглэлийн 70 гаруй хувь Энхтайваны өргөн чөлөөгөөр дамжин өнгөрөхөөс аргагүй. Ингээд зогсохгүй ихэнх нь холын эргэлттэй. Хотын төвөөс зах руу зорчигч тээвэрлэдэг цөөхөн чиглэлийн автобусыг эс тооцвол дийлэнх нь 8-13 км туулдаг гэсэн үг. Бүр тодруулбал, эхний цэгээс хөдөлсөн автобус эцсийн зогсоол хүртэл дунджаар хоёр цаг буюу 120 минут явдаг болохыг жолооч нар хэлж байна. Замын түгжрэлгүй байгаад, “аз таарвал” 1.5 цагт эл замыг туулна. Энэ бол зорчигчид унаагаа хэр хугацаанд хүлээдгийг илтгэх үзүүлэлт. Ийм урт зам туулж, эргэхээр иргэдийн нүд ширгэж, үг барагдах нь аргагүй шүү дээ. Тэгэхээр автобус хүлээдэг эхний шалтгаан нь гарцаагүй холын эргэлт байгаа биз.
Үүнийг батлах ганц жишээ хэлье. Найз минь өдөр бүр Шарга морьтоос ХӨСҮТ хүрдэг чиглэлийн автобусанд суудаг юм. Хүлээхийн зовлон амссан тэрбээр эл чиглэлд найман автобус явдаг болохыг судлаад мэдчихэж. Шарга морьтоос хөдөлсөн эхний автобус Баянбүрдийн тойргийн ойролцоо түгжрэлд орлоо гэж бодоход, дараагийнх нь Долоон буудалд очоод гацчихна. Гэтэл тус автобусыг ХӨСҮТ-ийн, Хүнсний IV дэлгүүрийн, 32-ын тойргийн гэхчилэн олон буудал дээр хүлээх иргэд хөөрхий биз дээ. Тэдний унаа эцсийн буудалд очтолоо багадаа нэг цаг гаруй болно. Хүйтний улирал эхэлчихлээ, хөөрхий зорчигчид төдий хугацаанд хөлийнхөө улыг хайрагдтал хүлээсээр “болзоот”-ынхоо барааг харна. Харин тэр нь зогсох уу, хажуугаар нь сүнгэнээд өнгөрөх үү гэдэг нь хааяадаа бүрхэг шүү дээ. Өвлийн хахиртай автобусны жолооч нарын хүйтэн авир нийлбэл хэцүү дээ.
Нийслэлд оршин суугчид автобусны буудалд багширч, чилдэг, унаагаа угтаж, эсвэл хөөж гүйхэд хүргэдэг өөр нэг шалтгаан нь Энхтайваны өргөн чөлөөн дэх замын хөдөлгөөний ачаалал гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн автобусыг тодорхой цагуудад төв замын хэвтээ тэнхлэгт нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг шигээ зохицуулалт хийгээд босоод нь хүртэл үйлчилдэг болгочихвол болмоор санагдах юм. Нийслэлд өдөр бүр дунджаар 600 мянга гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн статистик байна. Энхтайваны өргөн чөлөөн дэх замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнээс болоод автобусны дундаж хурд нэг цагт 12 км болсон талаар нийслэлийн Тээврийн газрын удирдлага мэдээлж байсан. Үүнээс улбаалан авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлүүлэх ажилд цагдаа нарыг дайчлахаар хотын удирдлагаас тусламж хүссэн байдаг. Төв гудамжны замын хөдөлгөөний ачаалал хэзээд их байдгийг мэргэжлийн хэнбайтугай жирийн иргэд, хүүхэд, багачууд ч мэднэ.
Тийм байтал бараг бүх автобусыг тэр хэсгээр дайран өнгөрүүлэх төлөвлөлт хийдэг нь ямар учиртай юм бол. Цөөхөн чиглэлээс бусад нь түүгээр явдгийг иргэд толгой сэгсрэн гайхаж байна. Ажил албандаа яарсан хүмүүсийг зориуд саатуулах, түгжрэлд залхаах гэсэн “Хоролмаагийн төлөвлөгөө” юм уу, ийм хуваарилалт хийсэн албаны нөхөд өө. Яармагийн гүүрийг ашиглалтад оруулчихлаа. Авто змын ачааллыг бууруулах зорилгоор ийм бүтээн байгуулалт хийсэн биз дээ, уг нь. Зарим чиглэлийн автобусыг тус гүүрээр зорчуулахаар зохицуулж болохгүй юм уу. Жишээлбэл, “Ган хийц”-Зайсан чиглэлийн, холын эргэлттэй автобусыг түүгээр явуулчихвал багадаа 2-3 буудал туулах замыг товчлох боломжтой санагдах юм. Энэ бол ганц жишээ. Энэ мэтээр тухайн чиглэлийг өөрчлөн зохицуулбал авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг хэт удаан хүлээлгэхгүй байх зэрэг ач холбогдолтой байх болов уу. Ийм шийдвэрийг хаанахын, ямар албан тушаалтан гаргах ёстой вэ.
Албаны нэг эх сурвалж “Нийтийн тээврийг Улаанбаатар хотын нэг захаас нөгөөд хүртэл явуулахаар чиглэлийг зохицуулахдаа иргэдийн санал хүсэлтийг харгалзсан гэж нийслэлийн Тээврийн газрынхан тайлбарладаг. “Улаанбаатар смарт карт” компани нь дамжин суултыг үнэгүй болгосон гэж хэлдэг. Тэр нь үнэхээр хэрэгждэг бол автобуснуудын эргэлтийг богиносгох хэрэгтэй. Ойрын эргэлтээр нийтийн тээврийн чиглэлийг төлөвлөвөл сэлгэн суултыг үнэгүй болгох хугацааг сунгах (одоо 30 минут байгаа) шаардлага гарна. Нийтийн тээврээр зорчигчдын 60 хувь нь төлбөрөө төлдөг. Тиймээс сэлгэн суулт үнэгүй байх хугацааг сунгаснаар тэр хүмүүсийн дараа дараагийн зорчилт үнэгүй тул нийтийн тээврийн салбарын удирдлага зориуд холын эргэлтээр төлөвлөж байна уу гэж хардаж болно. Орлого хуримтлуулахын тулд эргэлтийг өөрчилдөггүй гэж хэлэхэд хатуудахгүй. Үүнээс болж нийтийн унааны хүлээлт үүсэж, зорчигчийн тоо цөөрч, нийтийн тээврийн салбарын зардал жилээс жилд нэмэгдэж байна. Холын эргэлтийн чиглэлд явдаг эхний автобус дүүрэн хүнтэй байдаг. Ойрхон хугацаанд ирсэн дараа дараагийн автобус зорчигч багатай явах нь бий. Харин автобусны жолооч нар зорчигч суулгасан, эсэхээс үл хамаараад машин цаг (эргэлт)-аар цалинждаг болсон. Энэ нь төсөвт дарамт учруулж байна” гэж учирласан юм.
Үүнээс үүдэн нийтийн тээврийн жолооч нар уралдааны морь шиг давхидаг болсны учрыг олох шиг боллоо. Өмнө нь хэчнээн зорчигчид үйлчлэв, хэдэн төгрөгийн орлоготой байв гэдгээр нь цалинжуулдаг байсан бол өдгөө эргэлтээр тооцдог болсон нь үүнд нөлөөлж байгаа аж. Албан бус мэдээллээр бол нэг жолооч ээлжиндээ 8-10 эргэлттэй явах ёстой. Үүнийгээ гүйцээсэн байхад 10 хүн тээвэрлэсэн үү, 1000-д үйлчилсэн үү огт хамаагүй цалингаа бүтэн авна гэсэн үг. Тэгэхээр утаагаа “үнэрлүүлээд” сүнгэнээд байхаас өөр яах юм бэ, замын түгжрэлээс болоод хөөрхий жолооч нар минь 10 удаа тойрох нормоо гүйцээж чадахгүйд хүрч байгаа шүү дээ. Бид яах вэ, машинуудын утаагаар “хийморийн сан” тавиулаад, ТҮК-ийн ажилтнуудын шүүрэнд өртчихөлгүй автобусаа хүлээж, аз байвал суучихна, гайгүй.
Албаны хүмүүсээс олж авсан мэдээллээр, нийслэлийн нийтийн тээврийн жилийн зардал хотын төсвийн дөрөвний нэгтэй тэнцдэг бөгөөд үүний дийлэнхийг машин цагийн зардалд өгдөг гэнэ. Жишээ нь, 2015 онд машин цагийн зардалд 21 тэрбум авсан бол энэ жил 53.4 тэрбум болж нэмэгджээ. Үүнийг чиглэлийн төлөвлөлтийн буруугаас үүдэн өссөн дүн гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Хотын удирдлага үүнийг анзаараагүйгээс, зөв зохион байгуулалт хийгээгүйгээс болоод татвар төлөгч иргэд хохирч байна. Иргэдийн татвараас бүрддэг төсвийн зарцуулалт ийм л оновчгүй, үр ашиггүй байна, анхааралдаа авна уу, эрхэм дарга нар аа.
Нийтийн тээврийн унаа хүлээж, замын түгжрэлд “боогдсон” иргэд ажил, сургуулиасаа хоцорч цалингаараа, мэдэх эрхээрээ хохирсоор байна. Замын түгжрэлээс болж цэцэрлэгээсээ хоцорсон хүүхдүүдийг цоожтой хаалга хүлээж байна. Нийслэлчүүдийн амин чухал хэрэглээ болсон нийтийн тээврээс улбаатай гинжин холбоотой асуудлыг хэзээ шийдэх вэ.
Бид дараагийн удаа нийтийн тээврийнхэн татаас хэлбэрээр авдаг тэр их хөрөнгийг юунд зарцуулдаг талаар дэлгэрэнгүй хүргэх болно. Ташрамд дуулгахад, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат саяхан нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагааг шалгасан бөгөөд автобуснуудын эргэлт хэт хол байгаагаас болон нийтийн тээврийн жолооч нар машин цагаар цалинждаг зэрэг нь энэ салбарт өнөөдөр тулгамдаад буй нэлээд асуудлын зангилаа болохыг тогтоосон юм билээ.