Дэлхийн зах зээлд нефтийн үнэ
эрс уналаа. 2015 оноос хойш уг түүхий эдийн үнэ ингэж эрчимтэй буурч байсангүй. Одоо “Brent” маркийн баррель нефтийн фьючерсийн үнэ 66.4 доллар байна. Энэ нь өнгөрсөн сарын эхээр тогтоосон үнийн дээд амжилтаас 23 хувиар буурсан үзүүлэлт юм. Америкийн зах зээлд, WTI маркийн баррель нефтийг 56 орчим доллароор арилжиж байгаа нь сарын өмнөхөөс 25 хувиар буурсан үзүүлэлт болов. Нефтийн зах зээлийг дагаж буурдаг, Оросын рублийн ханш энэ удаа тэгтлээ унасангүй гэж ВВС тэмдэглэлээ.
НЕФТЬ ЯАГААД ХЯМДРАВ
Зах зээлд нефтийн илүүдэл үүсчээ. Тодруулбал, “Их-3” буюу Орос, Саудын Араб, АНУ дээд амжилт тогтоохоор хэмжээний нефть олборлож байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг тайландаа тэмдэглэсэн байна. Нефть олборлогч бас нэг том орон болох Иранд хориг арга хэмжээ авсны улмаас бий болсон тодорхойгүй байдал эрэлт ихсэхэд хүргэсэн. “Иранд АНУ хориг арга хэмжээ авснаас энэ бүхэн эхэлсэн. Дараа нь тэд бодлоосоо ухарч, Иран урьдын адил нефтиэ олборлож, худалдах болсон” гэж “Banyan hill research” компанийн шинжээч Мэтт Бадиали мэдэгджээ. Үүний сацуу улирлын хүчин зүйл нөлөөлөв. Жилийн энэ үед нефть боловсруулах үйлдвэрүүдийн олонх нь төлөвлөгөөт засвараа хийхээр хаагддаг учир нефтийн агуулахууд түүхий эд нэмж худалдан авдаг. “Нефтийн нөөц нэмэгдсэнийг аюул гэж бодолгүй, хожмын баталгаат байдал хэмээн талархан хүлээн авах нь зүйтэй” гэж нефть импортлогч орнуудын эрх ашгийг төлөөлөгч байгууллага болох Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ.
РУБЛИЙН ХАНШ УНААГҮЙН УЧИР
Нефтийн үнэ эрс буурсан хэдий ч рублийн ханш бараг унаагүй. Энэ сарын 14-ний арилжаа хаагдах үед нэг доллар 68.12 рублийн ханштай байжээ. Сүүлийн үед нефтийн үнийн хэлбэлзэлд Оросын валют мэдрэг байх нь багассан. Харин тус улсын эсрэг авч болзошгүй хориг арга хэмжээ л валютын зах зээлийн гол сэдэв болсныг ажиглагчид тэмдэглэж байна. Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) зах зээлийг тогтвортой болгохын тулд олборлолтоо багасгахад бэлэн байхыг мэдэгдвэл Оросын валют тогтвортой байх гэнэ. Тус байгууллага хэдийнээс нефтийн зах зээлийг тайван байлгахыг оролдож буй. Тодруулбал, ОПЕК гишүүн бус орнуудтайгаа хэлэлцээд, ирэх жил хоногийн олборлолтоо 1.4 сая баррелиар багасгах гэж байгаа тухай “Reuters” мэдээлжээ.
ЦААШИД ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨХ БОЛ
Ирэх сарын 5-нд болох ОПЕК-ын уулзалтаар Саудын Арабын бусад томоохон үйлдвэрлэгчдийг олборлолтоо багасгахад ятгах гэж байгаа тухай “Financial times” бичжээ. Ингэхгүй бол АНУ цаашид нефтийн үнийг бууруулахаар төлөвлөж байгаа гэнэ. “Нөөцтэй нь харьцуулбал нефтийн үнэ илүү хямд байх ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа энэ сарын 12-нд бичжээ. Уг мэдэгдэл энэ долоо хоногт нефтийн үнэ буурахад хүргэсэн хүчин зүйлүүдийн нэг болсон аж.