Үнсэлт бол хайр, хүндлэлийн бэлэг. Аав ээжийн, өвөө, эмээгийн, ахан дүүсийн, хайртай хүний үнсэлтээс гадна мэндэлж хүндлэх ёс нь нэгнийхээ хацрыг “норгоход” хүргэдэг уламжлал олон улс, үндэстэнд бий. Гэмгүй үнсэлтээсээ болж гэмтэн болсон тохиолдол ч цөөнгүй байдаг аж. Нэгнийгээ үнсэх гэсэн, үнссэн шалтгаанаас болж хуулийн байгууллагын үүд татсан хоёр тохиодлыг өгүүлье.
91 НАСТАЙ ЭР ЭХНЭРЭЭ ҮНСЭХ ГЭЭД БАРИВЧЛАГДАВ
Америкийн Коннектикут мужийн Фэрфилд хотын иргэн, өдгөө 91 настай Хэйнз Вонкуфийг цагдаагийнхан баривчлан, саатуулсан аж. Шалтгаан нь эхнэрээ үнсэхийг завдсан. Тэд “Regal сare” нэртэй ахмадын асрамжийн газарт амьдардаг юм байна. Дуудлагын дагуу тус газарт цагдаагийн ажилтнуудыг очиход “хэрэгтэн нь хохирогчийн” өрөөний үүдэнд шал ширтээд, номхон зогсож байсан гэнэ. Тус газрын дотоод журамд зааснаар нэгнийгээ үнсэх, үнсэлцэх нь хориотой. Шүлсээр элдэв өвчин тархах аюултай учраас ийнхүү “хориг” тавьсан юм байна.
Цагдаагийнхны тайланд дурдсанаар, Хэйнз Вонкуфи яг ийм шалтгаанаар 26 дахь удаагаа баривчлагдсан нь энэ бөгөөд өмнөхтэйгөө адил дахин ийм “хэрэг”-т холбогдохгүй байхыг сануулаад, асрах газарт нь хүргэж өгчээ. Дахин “маяглавал” харин өршөөхгүй гэдгийг ч мөн хэлсэн гэнэ.
Ташрамд дурдахад, 2001 оны өвөл 28 настай Мэтью Патток хэмээх англи залуу ажилдаа явахаар гэрийнхээ гаднах машинаа асаажээ. Ингээд асаалттай чигт нь орхиод, гэртээ орж эхнэртээ “баяртай” гэж хэлээд, нэг үнсчихээд гараад иртэл машиных нь шил арчигчид торгуулийн хуудас хавчуулсан байж. “Үнсэлтийн” хариуд 30 фунт стерлингээр торгуулжээ. Машинаа асаалттай орхисон хугацаа нь гурван минут байсан гэнэ.
НАЙЗ ОХИНОО ҮНСЭЭД ШОРОНД ХОРИГДЛОО
Туркийн нэгэн сурагч хүү өнгөрсөн аравдугаар сард шүүхээр шийтгүүлж, 4.5 жил хоригдох болжээ. 16 настай тэрбээр 13-тай найз охиноо үнсчихсэн аж. Үүнийг ангийнхан нь гар утсандаа бичиж авч, найз нартаа “гайхуулсан”-аар хэрэг манджээ. Сургуулийн удирдлага энэ талаар мэдээд, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ. Тус улсын өдөр тутмын “Hurriyet” сонинд мэдээлснээр, Анталья мужийн шүүх хөвгүүнийг найз охиндоо бэлгийн дарамт учруулсан гэж үзсэн бол бичлэг хийсэн дөрвөн найзыг нь “Хүүхдийг гутаан доромжилсон зураг авсан, тараасан” гэж буруутгасан байна.
Э.Хана