Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд эмээтэйгээ амьдардаг 13 настай нэг хүүг таньдаг юм. Тэр аав, ээжтэйгээ хамт амьдрахыг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэхийг маш их хүсдэг ч мөрөөдөл нь биелэхээс нэгэнт өнгөрчээ. Учир нь түүний ээж өөр хүнтэй дэр нэгтгээд хоёр жил болж буй. Хүүгийн хойт аав архи уухаараа “Энэ миний хүүхэд биш, манайхаас зайлуул” гэж ээж рүү нь хашхичдаг аж. Ангийнх нь хүүхдүүд “Ээж чамтай найзлах хэрэггүй гэсэн. Чиний аав хулгайч биз дээ” хэмээн гадуурхдагийг ч тэр хүү нуулгүй хэлсэн. Иймд хүү сургуульдаа явахаас төвөгшөөх болжээ. Тэр одоо эмээтэйгээ амьдардаг. Буурай ээждээ ч бас “ачаа” болохгүй гэсэндээ аргагүйн эрхэнд “Хархорин” зах дээр тэрэг түрж, цайны газруудад ээлжлэн очиж, янз бүрийн ажил хийдэг юм билээ. Ингэж ажилласаар сургуулиа ч орхисон гэнэ. Энэ бол томчуудын “тоглоом” болсон хагас өнчин хүүхдүүдэд тохиолддог наад захын бэрхшээл.
Эцэг, эх нь салсны улмаас сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа олон хүүхдийн төлөөлөл бол энэ хүү.
Өнгөрсөн онд 2791 гэр бүл салжээ. Харин энэ оны гуравдугаар улиралд 2310 хос салах хүсэлт гаргасныг Шүүх судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийнхэн бүртгэсэн байна. Тэдгээрээс 372 гэр бүл эвлэрч, 1938 буюу 83 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. Салсан хосуудын дийлэнх нь 1-2 хүүхэдтэй. Зөвхөн энэ оны гуравдугаар улиралд гэрлэлтээ цуцлуулсан 1938 хосын цаана хамгийн багадаа 1500 хүүхэд салалтын сөрөг нөлөөнд өртсөн байна. Гэрлэлтээ бүртгүүлээгүй үедээ хоёр тийш болсон хосуудын тоог нэмбэл үүнээс ч их тоо гарах нь дамжиггүй.
Гэр бүлийн маргаанаас хүүхэд аав, ээжийнхээ аль нэгийг сонгох хүндхэн шаардлагатай тулгарч, эсвэл дунд нь “хаягддаг”. Энэ байдал хүүхдийн сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлдөг гэнэ. Адаглаад цэцэрлэг, сургуульд явахад хагас өнчин, ээжээрээ овоглодог, хойт эцэг, эхтэй гэх тодотгол тэднээс салахгүй. Цаашлаад, эцэг, эх нь салсан олонх хүүхэд бага насандаа хүнд хөдөлмөр эрхэлдэг нь нүдэнд илхэн.
Салалтын сөрөг нөлөө хүүхдэд яаж тусдаг талаар сэтгэл заслын эмч Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Ийм байдалд орсон хүүхдүүд ихэвчлэн тогтворгүй, айдастай, итгэлгүй болж төлөвшинө. Эцэг, эх нь салснаар хүүхдийн ирээдүйн амьдрал орвонгоороо эргэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бага насны хүүхэд ямар ч бурууг өөртөө тусгаж авдаг онцлогтой. Ялангуяа 3-4 насныханд “Би муу хүүхэд учраас аав, ээж салчихлаа. Тэднийгээ хамт байлгаж чадсангүй” гэсэн бодол далд ухамсарт нь суудаг юм. Харин шилжилтийн насныхан хичээлдээ анхаарахаа болих, гэртээ тогтохгүй, эсвэл нийгмээс өөрийгөө тусгаарлаж, цахим тоглоом, согтууруулах ундаа зэрэг буруу зүйлд донтох нь элбэг. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийнхээ хэн нэгтэй нь л үлддэг учраас хоосон орон зайгаа юугаар ч хамаагүй нөхөх гэж хичээдэг” гэсэн юм. Хагас өнчин хүүхэд хайраар ямагт дутдаг учраас энэ нь тэднийг ирээдүйд сэтгэцийн эмгэгтэй, хүмүүжлийн доголдолтой болоход шууд нөлөөлдөг байна. Ээжтэйгээ үлдсэн эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнийг хайрлах чадварт илүү суралцдаг ч идэвхгүй, эр зориггүй, амьдралаа авч явах чадвар сул болж хүмүүждэгийг сэтгэл судлаачид тогтоосон. Товчхондоо, аавгүй өссөн охид эрэгтэй хүнтэй харилцах чадваргүй, ээжгүй өссөн хөвгүүд эмэгтэй хүнийг ойлгодоггүй болж өсдөг гэнэ. Ийм орчинд өссөн залуус гэр бүл зохиогоод, салах магадлал өндөр аж. Өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг, эхээ салахыг хараад өөрөө гэр бүл зохиохдоо алдааг нь давтах үзэгдэл цөөнгүй тохиолддог. Харин зөв харилцаатай, элэг бүтэн гэр бүлд өссөн залуус ямар ч бэрхшээл тохиолдсон салахгүй байх нь элбэг гэж сэтгэл засалч эмч дурдсан. Яагаад гэвэл хүүхэд аав, ээжээсээ эсрэг хүйстэнтэйгээ харилцах анхан шатны мэдэгдэхүүнийг суралцдаг гэнэ.
Түүнчлэн өрх толгойлсон хүмүүсийн дунд “Би хүүхдээ ганцаараа өсгөж чадна” гэх үзэл, бодол давамгайлдаг нь нууц биш. Энэ нь буруу төдийгүй салсан хосуудын хүүхдээ өсгөж байгаа нь хэт их хариуцлагыг өөртөө хүлээдэг гэнэ. Хүүхдээ хүний дор оруулахгүй юм сан гэж өмсөх зүүхээр л дутаахгүйг хичээдгээс тэдний сэтгэлд юу хурсаныг, эд материал бус өөр зүйлээр дутагддагийг ганц бие эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй байна. Заримдаа амьдралын хэт их ачаалал дунд хүүхдээ үл хайхрах, ёс зүйгүй харилцах тохиолдол ч байдаг аж. Үүний үр дүнд ууртай, өөртөө итгэлгүй болж төлөвшсөн хагас өнчин хүүхдийн сэтгэл зүйг 100 хувь эмчлэх боломж байдаггүй нь харамсалтай. Тухайн хүүхдийг зөв хүмүүжүүлэх, гутарсан сэтгэлийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол эцэг, эх нь хамт байж хүүхдийнхээ зан, төлөвшилд зэрэг анхаарах гэнэ. Учир нь эх хүн хүүхдэдээ хайрлах, энэрэх, өрөвдөх, уян хатан зан чанар, өөртөө арчаатай байх чадварыг өвлүүлдэг. Харин эцэг хүн бэрхшээлтэй тэмцэх чадвар, дайчин, зоригтой байх, эрсдэл гаргах, алдсан ч оновчтой шийдвэрлэх, хөл дээрээ дахин босох чадварыг хүүхдэдээ эзэмшүүлдэг гэнэ.
Мэдээж бүх хүн салалтыг хүсдэггүй. Хосууд хоёр тийш болоход маш олон зүйл нөлөөлдөг аж. Нийтлэг шалтгаануудыг дурдвал, үл ойлголцол, залуус хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, боловсролын ялгаа, санхүүгийн бэрхшээл, шилжилт хөдөлгөөн буюу харь оронд гэр бүлийн гишүүдийн нэг нь урт хугацаагаар амьдрах, гэр бүлээс гадуурх харилцаа, архидалт, хүчирхийлэл, хэрүүл маргаан гэх мэт.
Тэгвэл дээрх шалтгаануудыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуултад хариулт хэрэгтэй. Гэр бүлийн маргааныг дагнан шийдэж байгаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа энэ талаар “Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөрсгөх, тогтвортой байлгахад төрийн цогц бодлого зайлшгүй шаардлагатай. Хуульд ч нарийвчилсан заалт оруулах хэрэгтэй. Шүүхээс өмнөх шатанд авах арга хэмжээг тодорхой болгох ёстой. Хүүхдийн эцэг, эхийн хуралд гэхэд аав, ээжийг нь ээлжилж очдог байхаар үүрэгжүүлэх гэх зэрэг хариуцлагыг ижил ногдуулах шаардлагатай” гэж онцолсон. Гэр бүл салалтыг бууруулах бодлого боловсруулна гэж ярьдаг ч хэрэгжүүлж байгаа нь хэд билээ. Төрийн цогц бодлого хэрэгжүүлдэггүй юм гэхэд гэр бүл байхын үнэ цэнийг залуучуудад ойлгуулах эерэг мессежийг нийгэмд түгээх цаг нь болжээ. Тэгэхгүй бол 13 настай хүүгийнх шиг хүндхэн амьдрал туулах багачуудын тоо улам олширох нь.
Бэлтгэсэн: Г.Баясгалан