“Ким Жөн Ун өнгөрсөн зун АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа ч БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө боловсронгуй болгох аж лаа үргэлжлүүлсээр байна” гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчид мэдэгдэв. Тухайлбал, Пёньян цөмийн цэнэгт хошууныхаа оврыг багасгахаар ажиллаж байгааг тэд парламентын гишүүддээ мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжиллаа.
БНАСАУ-ын пуужингуудын объектуудыг Өмнөд Солонгосын тусгай албаныхан анхааралтай ажиглаж байгаа бөгөөд одоогоор ямар нэг онцгой өөрчлөлтгүй байгаа гэнэ. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн үйл ажиллагаатай холбоотой тагнуулын мэдээллийг Сөүл, Вашингтон хэвийн солилцож буй аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзахдаа хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Уг баримт бичигт Пёньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээж, Вашингтон хариуд нь аюулгүй байдлын баталгаа олгохоо амласан билээ. Тэр үед талууд ямар ч хугацаа товлоогүй учир дараагийн хэлэлцээгээр уг асуудлыг тодруулах ёстой. Ирэх оны эхээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж буйгаа Д.Трамп энэ сарын 7-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.
Үүний сацуу АНУ-аас БНАСАУ цөмийн баазуудаа нуусан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнийг Д.Трамп няцаажээ. Яриа хэлэлцээний сэдэв болдог тэдгээр объектын талаар бид мэдээлэлтэй байгаа гэж тэрбээр хэлжээ. “New York times” сонинд гарсан, Умард Солонгос цөмийн баазуудаа хөгжүүлж байна гэх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй. Бид эдгээр объектын талаар мэдэж байгаа. Зүгээр л дахин нэг хуурамч мэдээ гарчээ. Байдал муугаар эргэвэл та бүхэнд түрүүлж мэдэгдэх болно” хэмээн тэрбээр твиттертээ тэмдэглэсэн байна.
Умард Солонгост пуужингийн 16 бааз байгааг Америкийн шинжээчид хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас илрүүлсэн тухай тус сонин урьд нь мэдээлсэн юм.
Харин маргааш БНАСАУ-ын Кэсон хотод Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах асуудлаар хэлэлцээ хийнэ гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамнаас мэдэгджээ.
Умард Солонгосын таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг тус улсын Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга Ри Ён Ёо тэргүүлэх бол Өмнөд Солонгосын мөн тийм бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Газар, тээвэр, дэд бүтцийн сайд Сон Мён Су тэргүүлэх аж.