Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг арваннэгдүгээр сарын 9 байлаа. Эл өдрийг онцолсон нь учиртай. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан сар бүрийн 9-нийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах өдөр болгоно” хэмээн зарласан тул сануулах үүднээс ийн цолсон юм. Ингэж “өргөмжилсөн” өдөр нь өнгөрсөн баасан гарагт тохиосон ч С.Амарсайхан дарга төдийгүй ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй нийслэлийн ЗДТГ, холбогдох газар, нэг ч албан тушаалтан тоосонгүй.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулсан бүх нийтийн амралт таарсан тул тодорхой ажил хийгээгүй юм болов уу гэж нэг удаа өнгөрөөх сөн. Гэтэл зөвхөн энэ удаа ч биш, өнгөрсөн сарын 9-нд ч Орчны аюулгүй байдлыг хангах өдрийг бас л таг мартсан. Түүнээс өмнө найм, есдүгээр сард ч тоогоогүй. Үндсэндээ С.Амарсайхан дарга “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөртэй болно” хэмээн тунхаглахдаа тухайн үеийн бухимдлыг намжаагаад мартав. Өөрөөр хэлбэл, оршин суугчдаар, хариуцлагагүйн балгаар цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхнээр тохуурхсан болж таарах нь.
Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд нийслэлийн 79 дүгээр сургуулийн сурагч хөлбөмбөгийн талбайн хаалганд цохиулж, амиа алдсан. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших эмийн сангийн төмөр хаалганд үүссэн цахилгааны богино холболтод хүүхэд цохиулж, эндсэн харамсалтай хэрэг гарсан. Гэтэл дахиад 10-хан хоногийн дараа буюу долдугаар сарын 5-нд Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын ойролцоо нэг хүүхэд хүчдэлд цохиулж нас барсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, холбогдох аж ахуйн нэгж, албан байгууллагынхны хариуцлагагүйгээс болж гарсан энэ мэт харамсалтай хэргүүд нийслэлийн удирдлагад дохио болж, ИТХ-ын долдугаар сарын 9-ний хуралдаанаар Аюулгүй байдлын өдөртэй болно гэж зарлахад хүрснийг эргэн сануулъя.
Харамсалтай нь, “Хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан хүмүүст хатуу хариуцлага тооцъё” гэж олон нийтийн сүлжээгээр сүржигнэж байсан хүмүүсийн олонх нь өдгөө таг чиг болж, шилээ дарсан тэр харамсалтай хэргүүдийг бараг мартжээ. Өдрийг санаачлагч С.Амарсайхан дарга хүртэл “бүтээлээ” умартчихсан байхад аргагүй биз. Үйл явдал болсон даруйд ам уралдан шуугьдаг, хэдхэн хоногийн дараа ор тас мартдаг монгол удирдлагын арга барил ийнхүү үргэлжилсээр.
Тэрбээр уг нь шийдвэрийг гаргах үедээ “Төрийн байгууллагуудын үүрэг бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх явдал. Харамсалтай нь, бид энэ зорилгоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах асуудлаар нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт хийнэ. Ингэхдээ иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүх зөрчлийг арилгах үүрэг өгч байна” хэмээн сүртэй гэгч нь мэдэгдсэн. Үүний дагуу нийслэлийн ИТХ-аас Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 119 дүгээр тогтоол боловсруулж, баталжээ. Уг тогтоолоор холбогдох албаныхан олон ажил төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гэнэ. Тухайлбал, гэрэлтүүлгийн 267 шонг тагтай болгож, цахилгааны шаардлага хангахгүй 5900 метр шугамыг хураан авсан аж. Мөн орон сууцны хороолол дундах бохир усны 54 худгийг таглаж, бүрэн бүтэн байдлыг нь хангасан гэх мэтээр тайлагнасан.
Гэсэн ч сар бүрийн 9-нийг Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах өдөр болгоно хэмээснээ хэрэгжүүлээгүй. Уг нь эл өдрийг зөвхөн тогтоол шийдвэртээ “тэмдэглээд” зогсохгүй, нийслэл даяар нийтийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг албан ёсоор авч хэрэгжүүлдэг болно гэж өнгөрсөн долдугаар сарын 9-нд ИТХ-ын үеэр ярьсан юм, уг нь. Өөрөөр хэлбэл, сар бүрийн 9-нд аж ахуйн нэгж, байгууллагуудаас авхуулаад айл өрх, иргэд хүртэл орчин тойрныхоо аюулгүй байдалд анхаарна. Хашааныхаа ёрдойсон хадаасыг хүртэл нугалахаас эхлээд бусдад аюул учруулж болзошгүй бүх эрсдэлээ арилгах ёстой байв. Ингэж хатуу арга хэмжээ авахгүй л бол монголчуудын салан задгай, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдал хэзээ ч засрахгүй гэж дарга нар онцолсон билээ.
Бяцхан үрс тун харамсалтайгаар, цаг бусаар хорвоог орхисон үед нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдалд ингэж анхаарна хэмээн мэдэгдэж, сар бүр тусгайлсан өдөр бий болгоно хэмээн санаачилсныг олон нийт алга ташин хүлээн авсан. Гэсэн ч тэр нь төр, засгийнхан хааяагүй гаргадаг гоё амлалт, төлөвлөгөөнүүдийн адил шоу байсан нь дөрвөн сарын дараа ийнхүү нотлогдов. Үүссэн нөхцөл байдлыг ашиглаж, олон нийтэд нэр тал олох гэсэндээ сэтгэлийн хөөрлөөр гаргадаг мэдэгдлүүдийн нэгээр “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах өдөр” хэдийн тодорлоо. Ийм учраас “Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж хойш суусан ажилтан, албан тушаалтнуудтай дарга, цэрэг гэхгүй хариуцлага ярихаас өөр аргагүйг хатуу сануулъя” хэмээн мэдэгдсэнийхээ дагуу өөртөө хариуцлага тооцох болов уу.
Бэлтгэсэн: М.Оч