Аргентин улсын агшиж буй эдийн засаг ирэх жилийн эхний гурван сард үргэлжлэн “уруудах” ч хоёрдугаар улирлаас нь сэргэж эхэлнэ гэж Олон улсын валютын сан өнгөрсөн бямба гарагт мэдээлэв. Тус сан Аргентинд олгох санхүүжилтийн хэмжээгээ өнгөрсөн сард нэмэгдүүлж, 56.3 тэрбум ам.долларт (50 тэрбум байсныг) хүргэсэн юм. Буэнос-Айрест болсон хэвлэлийн хурлын үеэр ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Роберто Сардарелли “Аргентин улсын хямрал 2019 оны нэгдүгээр улиралд “шалдаа” буух ч дараагийн улирлаас эдийн засаг нь “тэнхэрч” эхэлнэ. Эдийн засгийн үзүүлэлтүүд энэ жил сөрөг байгаа” хэмээн өгүүлжээ. Дээрх сангийн Захирлуудын зөвлөл “Стэнд бай” хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг харгалзан, өнгөрсөн аравдугаар сарын эцсээр Аргентинд 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг баталсан юм. Тэд 36 сарын хугацаанд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн зургадугаар сард шийдвэрлэсэн билээ. Ташрамд дурдахад, дээр дурдсан 56.3 тэрбум ам.доллар нь ОУВС-гаас нэг улсад олгох хамгийн их дүнтэй санхүүжилт болох гэнэ.
Шинжээчдийн таамаглаж буйгаар Аргентины инфляц энэ онд 47.5 хувьд хүрэх төлөвтэй аж. Тэгвэл мөнгөн тэмдэгт песогийнх нь үнэ цэн он гарснаас хойш 50 орчим хувиар буурчээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын эцэст ам.долларын эсрэг түүхэн доод түвшнээ шинэчилж байв.
ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд тус улсын Засгийн газар зардлаа танаж, төсвийн алдагдлыг багасгах, инфляцыг “хазаарлах” зэрэг үүрэг хүлээгээд буй агаад ДНБ нь ирэх онд 1.7 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа гэнэ. Гангаас болж ургацаа алдсан нь тус улсыг хямралд ороход нөлөөлж байв.
Ташрамд дурдахад, Аргентин улсын Төвбанк Хятадтай байгуулсан валютын своп хэлцлийнхээ хэмжээг бараг хоёр дахин (60 тэрбум юаниар өсгөн) нэмэгдүүлж, 130 тэрбум юань (18.7 тэрбум ам.доллар)-д хүргэхээ өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн нь анхаарал татаж байна. Энэ тухай дээрх Төвбанкны ерөнхийлөгч Гуйдо Сандлерис “Гэрээг байгуулсан гэхэд болно. Одоо ганц нэг зүйлийг тодруулах л үлдсэн” хэмээн ярьжээ. Өдгөө Аргентин улсын Төвбанкны валютын албан нөөц 54.25 тэрбум “ногоон” байгааг “Reuters” уламжлаад буй. Дэлхийн банкны мэдээлснээр 2017 оны байдлаар тус улсын ДНБ 637.6 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ нь 14 401 ам.доллар байжээ. Латин Америкийн гурав дахь том эдийн засагтай тус улс 2002 онд мөн хямралд орж байв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал