АНУ-ын Төрийн департаментаас тус байгууллагын тэргүүн Майкл Помпео, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль нарын уулзалт гэнэт цуцлагдсаныг зарласан. Нью-Йоркт болох байсан хэлэлцээний өмнөх өдөр л ийн мэдэгджээ.
АЛБАН ЁСНЫ ХУВИЛБАР
Талуудын ажлын хуваарь таараагүйн улмаас БНАСАУ-ын санаачилгаар уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохоос цуцлаагүй хэмээн Вашингтон тайлбарлав. Ажлын хуваарьтаа нийцүүлээд талууд уулзана хэмээн Төрийн департаментын төлөөлөгчид олон нийтэд батлан хэллээ. БНАСАУ-ын төлөөлөгч уулзалтад бэлэн бус байсандаа бус, зүгээр л хойшлуулсан юм хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли тэмдэглэжээ. Гэхдээ аль эрт тодорхой болсон чухал уулзалтад Пёньян гэнэт бэлэн бус байгаад итгэхэд бэрх. Умард Солонгосын эрх баригчид хэзээ ч зүгээр нэг ингэдэггүйг мэддэг олон ажиглагч жинхэнэ шалтгааныг хайж эхэлсэн аж. Үүнийг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хориг арга хэмжээний талаарх АНУ-ын байр суурьд БНАСАУ сэтгэл дундуур буйн илрэл гэсэн хувилбар БНСУ-ын шинжээчдийн дунд ноёрхож байна. Учир нь цөмийн зэвсэг устгах талаарх яриа хэлэлцээний шат дараатай арга хэмжээ болон хэдийн хийсэн алхмуудын хариуд Вашингтон хориг арга хэмжээнээсээ цуцлах ёстой гэсэн шаардлага БНАСАУ өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн билээ.
СӨҮЛИЙН БАЙР СУУРЬ
Ким Ён Чоль тэргүүтэй Умард Солонгосын төлөөлөгчид энэ сарын 7-нд Бээжинд очоод, тэндээсээ Нью-Йоркийг зорих байсан тухай Өмнөд Солонгосын YTN телевиз мэдээлсэн. Гэтэл уулзалтыг цуцлах шийдвэр өмнөх өдрийнх нь өглөө гарчээ. М.Помпеогоос гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана хэмээн Ким Ён Чоль найдаж байсантай холбоотойгоор хэлэлцээг цуцалсан байх хэмээн Солонгосын хойгийн ирээдүйн төлөө холбооны гишүүн, улстөрч Мэн Чу Сок үзэж байна. “Америкийн Ерөнхийлөгч Парист айлчилж байх үе таарах учир доромж санагдсан айлчлалаас татгалзахаар Пёньян шийдсэн” хэмээн шинжээч таамаглав. Түүний хэлснээр Ким Жөн Уны илгээлтийг Ким Ён Чоль АНУ-ын удирдагчид дамжуулах гэж байжээ.
Уулзалтыг хойшлуулсан тухай мэдээлэл нь Америк, Умард Солонгосын цөмийн зэвсгийн талаарх яриа хэлэлцээний хувьд амаргүй үед гарсныг улстөрч тэмдэглэв. “Талууд цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулах талаар ээлж дараатай алхмууд хийхийг Умард Солонгос шаардаж байна. Гэвч АНУ эхлээд цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижрахыг Пёньянаас шаардаж, үүний дараа л хориг арга хэмжээг цуцлах боломжийг хэлэлцэхээ амласан. Мэдээж хэрэг, энэ нь Ким Жөн Унд таалагдахгүй байгаа” гэж Мэн Чу Сок тэмдэглэжээ. Түүний хэлснээр өнгөрсөн хоёр долоо хоногт талуудын байр суурийн ялгаа илүү тодорхой болсон аж. “Урьд нь Пёньян 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор дууссан тухай хэлэлцээрийг Вашингтонтой байгуулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Ингэх нь АНУ-ын сайн санааны илрэл болох байж. Харин одоо Умард Солонгос шаардлагаа өргөжүүлж, цөмийн зэвсэг устгах чиглэлд шинээр алхам хийхийн өмнө хориг арга хэмжээг зөөлрүүлэх санал дэвшүүлэх болсон” гэж шинжээч тэмдэглэлээ.
ХҮЧИНДЭЭ ТУЛГУУРЛАХ НЬ
Хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрөө сэргээж болох юм хэмээн БНАСАУ-ын ГХЯ-наас өнгөрсөн долоо хоногт тараасан мэдэгдэлд дурджээ. Тус улсын эрх баригч намын төв хэвлэлд гарсан нийтлэлд иргэдээ өөрсдийн хүчинд тулгуурлахыг уриалсан нь олон улсын хориг хурдан цуцлагдана хэмээн найдахгүй байхыг сануулсан хэрэг болов. Мэн Чу Сокийн үзэж буйгаар БНАСАУ, АНУ-ын харилцаа шийдвэрлэх үедээ тулжээ. “Одоо аль аль тал нь харилцан буулт хийхгүй бол өнгөрсөн оны эцсээр бидний ажигласан байдалд эргэн орохоор байна” гэж тэрбээр таамагласан байна.
Гэхдээ Пёньян, Вашингтоны яриа хэлэлцээний хувь заяа дээсэн дөрөөнд дэнжигнэж байсан анхны тохиолдол энэ биш. Өнгөрсөн тавдугаар сард Д.Трамп БНАСАУ-ын дайсагнасан мэдэгдлийн улмаас Ким Жөн Унтай хийхээр бэлтгэсэн дээд хэмжээний уулзалтаа цуцлахаа гэнэт мэдэгдэж байсан билээ. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зуучилсны ачаар Сингапурт түүхэн уулзалт болсон юм. Дараа нь наймдугаар сард М.Помпео Пёньянд хийх айлчлалаа гэнэт цуцалснаа сарын дараа хийсэн билээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ким Ый Гём ямар нэг далд санаа хайхгүй байхыг сэтгүүлчдээс хүссэн. “Урьд нь ч ийм зүйл болж байсан учир энэ удаагийн явдалд онцгой ач холбогдол өгөх хэрэггүй” хэмээн тэрбээр хэлсэн байна. Ийм байр суурьтай байгаагаа Өмнөд Солонгосын ГХЯ мөн илэрхийлээд, ойрын хугацаанд уулзалт болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
Хэлэлцээг цуцлах санаачилга гаргасан хэмээн Сөүл, Вашингтоны мэдэгдсэн БНАСАУ энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс одоогоор түдгэлзэж байна.
Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулж хийсэн хүндэтгэлийн томоохон арга хэмжээнүүд Францын нийслэл Парис хотод боллоо. Энэ хүрээнд дэлхийн удирдагчид Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны санаачилсан Энх тайвны чуулга уулзалтад оролцож буй. Гол арга хэмжээ Парисын Ялалтын хаалганы дэргэд болж, түүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зэрэг 120 гаруй орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцов.
Австрийн чөлөөнд гарсан хурандаа ОХУ-тай холбоотой байсан тухай дуулианы талаар Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Парис хотод уулзахдаа хөндөхгүй гэдгээ урьдчилан мэдэгджээ.
Оросын талд тагнуул хийснээ сэжигтэн хүлээн зөвшөөрсөн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн юм. Тодруулбал, чөлөөнд гарсан хурандаа Оросын төхөөрөмжүүдийг ашиглаж байсан хэмээн Австрийн БХЯ-ны нэрээ нууцалсан ажилтан мэдэгдсэнийг “Presse” сонин уламжилсан. Сэжигтнийг цагдан хорьсон нь оргон зугтахаас сэргийлсэн арга хэмжээ аж.
Мексикийн нийслэл дэх түр хуаранд байсан, Төв Америкийн орнуудын цагаачдын цуваанд оролцогч 4000 хүний 95 орчим хувь нь тус улсын АНУ-тай залгаа хилийг зорьжээ. Мексикийн Хүний эрхийн комиссын тэргүүн Нашиели Рамиресийн мэдээлснээр хуаранд 170 хүн үлдсэний тал нь эх орон руугаа буцахаар шийдсэн гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч цагаачдын цувааг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээрх цэргийнхээ тоог 15 мянгад хүргэх шийдвэр гаргасан билээ. Мөн хууль бус цагаачдад орогнох эрх олгохоос татгалзах зарлигт гарын үсэг зурсан юм.