АНУ-ын Конгрессын 116 дахь удаагийн сонгууль болон бусад хэд хэдэн санал хураалт энэ сарын 6-нд болж, олон дээд амжилт тогтоолоо.
ХЭНИЙГ СОНГОВ
Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг сонгосон бөгөөд тус танхимд хяналтаа тогтоохын тулд 218 суудал авах хэрэгтэй байлаа. Сенатын 100 гишүүний 35-ыг сонгохоос дээд танхимд хяналтаа тогтооход 51 суудал авах шаардлагатай.
Конгрессынхтой зэрэгцэн 46 муж улсын хууль тогтоох байгууллагын сонгууль болсон. Мөн 39 муж улс болон нутаг дэвсгэрийн захирагч, хэд хэдэн хотын даргыг сонгожээ. Үүний сацуу 37 муж улсад 155 асуудлаар бүх нийтийн санал хураалт болов. Тэрчлэн Мичиган, Миссури, Северная Дакота, Оклахома, Юта гэсэн таван муж улсын иргэд эмнэлэгт, эсвэл нөхөн сэргээх зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрөх, эсэх саналаа илэрхийллээ.
САНАЛ ХУРААЛТУУДЫН ДҮН
Урьдчилсан мэдээгээр Сенатын сонгуульд Бүгд найрамдах нам 51 суудалтай болж, сонгууль дуусаагүй ч олонхын байр сууриа баттай хадгалж чадсан. Харин Төлөөлөгчдийн танхимд ардчилсан намынхан 218-аас олон буюу 225 суудал авсан байна.
Өмнөх танхимд тус намынхан 193 суудалтай байжээ. Захирагчийн сонгуульд Ардчилсан нам урьдчилсан байдлаар 22 муж улсад ялсан, Үүнээс өмнө тус нам 16-г нь удирдаж байв.
ИРЦ
Энэ жилийн сонгуулийн ирц урьдчилсан мэдээгээр 45-50 хувьтай байсан нь 1966 оны завсрын сонгуулийн 48.7 хувийн дээд амжилтыг эвджээ. Ерөнхийлөгч Линдон Жонсоны үед эхлүүлсэн Вьетнамын дайныг эсэргүүцсэн нь иргэдийн идэвхийг тэр үед дээшлүүлсэн гэдэг.
СОНГУУЛИЙН ДЭЭД АМЖИЛТУУД
Конгрессын энэ удаагийн сонгууль хамгийн өндөр өртөгтэйгөөрөө түүхэнд тэмдэглэгдэв. Шинжээчдийн таамагласнаар нам болон нэр дэвшигчдийн зардал 5.2 тэрбум доллар боллоо. Тэр дундаа ардчилсан намынхан нэр дэвшигчдэдээ 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулсан бол бүгд найрамдахчуудынх 2.2 тэрбум байв. АНУ-ын Конгрессын өмнөх дээд амжилтыг 2016 онд тогтоосон бөгөөд тэр үед сонгуулийн штабуудын зардал 4.1 тэрбум доллар болжээ.
Сонгуулийн өмнө Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаас гарснаа Бүгд найрамдах намын хамгийн олон буюу 37 гишүүн мэдэгджээ. Тэд тэтгэвэрт гарсан, өөр албан тушаалд өрсөлдөх болсон, эсвэл нас барсан (Жишээ нь, сенатч Жон Маккейн) гэсэн шалтгаантай байв. Өмнөх ийм дээд амжилтыг 2008, 2014 онд тогтоожээ. Тэр үед Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон 28 гишүүн Конгрессоос гарсан байна. Гэсэн ч эдгээр үзүүлэлт 1992 онд Ардчилсан намын гишүүдийн “амжилт”-ыг давахгүй аж. Тэгэхэд хоёр танхимаас Ардчилсан намын 44 гишүүн гарч байжээ.
Энэ жилийн завсрын сонгууль Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоогоор дээд амжилт тогтоожээ. Сонгуульд 237 эмэгтэй оролцсон байна. Өмнөх дээд амжилтыг 2016 онд тогтоосон бөгөөд тэр үед 167 нэр дэвшигч эмэгтэй сонгуульд оролцсон гэнэ. Энэ удаагийн төлөөөлөгчдийн танхимд хамгийн олон буюу 116 эмэгтэй сонгогдов.
Муж улсуудын захирагчийн албан тушаалд 16 эмэгтэй нэр дэвшсэн нь дээд амжилт болжээ. Харьцуулан үзвэл, 1974 онд уг албан тушаалд ердөө гурван эмэгтэй нэр дэвшиж байсан бол 1980 онд нэг ч нэр дэвшээгүй гэнэ. Урьдчилсан мэдээгээр есөн эмэгтэй захирагчаар сонгогджээ.