АНУ-ын Калифорни мужид гарсан хоёр том ойн гал түймрийн улмаас 9 хүн амиа алдаж, 150 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
8 мянган га газарт түгсэн уг гамшиг Парадайс хотыг бараг үндсэнд нь устгаад байна. Түймэр Лос-Анжелесын баруун хязгаарын 101 дүгээр өргөн замыг даваад хотын захын дүүргүүд рүү ойртож байгаа аж. Тэр дундаа алдартай Малибу амралтын газар аюулд өртөөд байна. Түймэр Лос-Анжелес хотоос баруун хойд зүгт оршдог Таусенд-Оукс гэдэг хотод гарч 75 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол одоо тус хотын бараг ихэнх оршин суугчид гэр орноо орхин нүүж байна.
Малибу амралтын газрын ойролцоо дэлхийн шоу бизнесийн алдартнууд олноор амьдардаг бөгөөд тэдгээрийн зарим нь цахим хуудсандаа түймрийн тухай бичсэн байна.
Жишээ нь Ким Кардашьян “Дөнгөж сая гэртээ ирлээ. Шаардлагатай зүйлсээ аваад нүүн шилжихэд надад нэг цагийн хугацаа байна” хэмээн бичжээ. Харин түүний нөхөр репер Канье Инстаграмдаа “Бидний төлөө залбирсан та бүхэндээ баярлалаа. Бид одоо хамтдаа бас аюулгүй газар байна” хэмээжээ.
Парадайс хотоос гарах машины зам олон тооны осолын улмаас бөглөрч байгаа тул оршин суугчид унаа тээшээ орхин хүүхэд, гэрийн амьтдаа тэврэн гамшгийн газраас зугтаж байв. Аврагчид зам дээр хаясан машинуудыг бульдозераар түрэн хойшлуулж гал команд болон түргэн тусламжийн тэрэг явах зай гаргаж байна.
Калифорни мужид нийт 16 түймрийн идэвхтэй голомт асаж байгаа аж. Мужид онц байдал зарлажээ.