Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт айл өрх, албан байгууллагуудаас 104 удаа хулгай хийсэн 12 хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. О.Даваасамбуу, Б.Саранчимэг, У.Гончигсумлай, М.Номин-Эрдэнэ нарын залуусчууд нийлж 2016 оноос хойш нийслэлийн бүх дүүргээр явж, хулгай хийдэг байсан гэнэ. Тэдний нэг болох О.Отгонбаяр нь инженер мэргэжилтэй, дээд боловсролтой бол бусад нь ерөнхий боловсролын сургууль төгсөөд цаашид сураагүй, 18-23 насныхан аж. Хэргийн холбогдогчид айлын вакум цонхны түгжээг мултлан ороод алт, мөнгөн эдлэл, зурагт зэрэг амархан зарж болох эд зүйлийг тонож, Урт цагааны ченжүүд, эсвэл иргэдэд хямд борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ 114 сая төгрөгийн хохирол учруулсан аж. Тэдний хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөж байгаад, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн бөгөөд мөрдөгчид дөрвөн сарын хугацаанд шалгаж, прокуророос уг 12 хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Шүүгдэгчдээс 11-д нь 1-9 жил хорих ял ногдуулж, нэг хүнийг нь хоёр жил тэнсэн харгалзахаар шүүх шийдвэрлэсэн байна.
Г.Орчлон