Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллыг олгодог юм байна. Үүнд:
Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Монгол Улсын Төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүдийг танилцуулж байна.
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат:
Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь "Чингис хаан" одон хүvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртэж буй онцгой тохиол таарч байв.
Зарлигт дурдахдаа "П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хvмүүлэнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж…" хэмээн өгүүлжээ. Анхны Ерөнхийлөгч ийнхүү "Чингис хаан" одон хvртсэн анхны хүн болов.
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав:
1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн тэрбээр "Чингис хаан" одонг хүртсэн хоёр дахь эрхэм юм. Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллаж байжээ.
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.
Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчидийн нэг билээ.
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж:
Монгол түмний их баяр цэнгэл, улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц Элбэгдорж зарлиг буулган, Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одон хүртээсэн билээ.
Ерөнхийлөгчийн зарлигт "Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одонгоор шагнаж байна" гэсэн байна.
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди:
Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Чингис хаан одонгоор энгэрээ мялаасан тав дахь эрхэм болсон юм. Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй нэгэн.
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж уг одонгоор энгэрийг нь мялаасан байна.
2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл:
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ. Зарлигт “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг хүртээж байна” гэсэн байна.
Д.Дэмбэрэл нь 1992 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж байжээ.
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном:
Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном 2013 оны арваннэгдүгээр сарын 04-нд тус одонгоор энгэрээ мялаажээ. Д.Содном гуай Монголын ард түмэнд хандан “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгээ илэрхийлж байжээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ "Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.
Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн" хэмээсэн байна.
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай:
Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн болон түүхэнд үлджээ. "Х.Намсрайд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм" хэмээн онцолж байжээ.
Академич Х.Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа аж.
Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.
Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна.
Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.
Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн байна. Мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан багш хүн.
Мөн Х.Намсрай нь 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн юм.
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо:
Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд УБДС төгссөн. Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар:
Г.Ариунбаатар нь монгол дуучны авъяас чадварыг дэлхий дахинд харуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавъяат цол хүртсэн билээ. Ийнхүү тэрээр "Чингис хаан" хэмээх энэ хүндтэй алдрыг хүртэл арав дахь эрхэм болсон юм.
Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарч байсан байна.
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр:
2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Тэрээр Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин юм. Мөн тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.