АНУ-ын завсрын сонгуульд тус улсын 31 сая гаруй иргэн урьдчилан саналаа өгсөн тухай CNN мэдээллээ. Үүний өмнө буюу 2014 онд болсон завсрын сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцогчдын идэвх сул байсан буюу 19 сая орчим хүн л сонголт хийж байжээ.
Америкийн 50 муж улсын 37-д хугацаанаас өмнө санал хураасан байна. Тухайлбал, Колорадо, Орегон, Вашингтон муж улсын бүх сонгогч саналын хуудсаа шуудангаар илгээх үүрэгтэй. Калифорни муж улсын зарим тойргийн сонгогчид мөн сонгууль дуусахаас өмнө шуудангаар саналаа илгээдэг байна.
Сонгуулийн эхний хэсгүүд тодруулбал, Вермонт муж улсын зарим жижиг суурин дахь хэсэг орон нутгийнхаар мягмар гаргийн өглөөний 05.00 цагт нээгдсэн бол Мэн, Нью-Хэмпшир, Нью-Йорк муж улсынх нэг цагийн хожуу санал хурааж эхэлжээ. Харин Хавай муж улсын сонгуулийн хэсгүүд орон нутгийнхаар 18.00 цагт (УБ-ын цагаар өнөөдрийн 12.00 цаг) хаагдсанаар АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт дуусах аж.
Харин АНУ-ын нутагт дэвсгэрт багтдаг Номхон далайн Умард Марианы арлуудын оршин суугчид энэ сарын 13-нд саналаа өгнө. Учир нь өнгөрсөн сарын эцсээр тус арлыг хүчтэй хар салхи дайрсан юм. Тус улсын зүүн хойд муж улсуудын санал хураалтын эхний урьдчилсан дүн өнөөдрөөс гарч эхэлнэ.
Сонгуулийг гадны нөлөөнөөс хамгаалахын тулд тус улсын тусгай алба энгийн хоёр зөвлөмжийг сонгогчдод өгчээ. Холбооны мөрдөх товчоо, Хуульзүйн яам, Үндэсний тагнуулын алба, Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд “Сонгогчид сонгуулийн тухай мэдээллийг анхны эх сурвалжаас авах, сонгуультай холбоотой мэдээллүүдийг унших болон бусадтай хуваалцахдаа болгоомжтой байх гэсэн энгийн алхамуудыг хэрэгжүүлснээр манай улсын сонгуулийг гадны нөлөөллөөс хамгаалахад тусална” гэж дурджээ.
Сонгуулийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд урьд хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээ авсныг мөн дээрх баримт бичигт дурдсан байна. Санал хураах байруудын талаарх мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх төв байгуулснаа АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстен Нильсен урьд нь мэдээлсэн.
Сонгуулийн өдрүүдэд бүх 50 муж улс болон бүс нутгийн 1000 байгууллагыг нэгтгэсэн тус төв сонгуулийн явцыг хянах үүрэг хүлээжээ. Энэ удаагийн завсрын сонгуулиар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг, Сенатын танхимын 100 гишүүнээс 35- ыг, тэрчлэн 39 муж улс болон нутаг дэвсгэрийн захирагчийг сонгож байна.