“Оюутолгой” төслийн удирдлага Монгол Улсад төлөх татвар, төлбөр, хураамжаасаа зайлсхийх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, “Оюутолгой” компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нь визийн зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсныг ГИХГ-ынхан шалгаж тогтоон, албадан гаргахаар шийдэж байжээ.
Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлж байсан АНУ-ын 10, Австралийн найм, Канадын долоо, БНХАУ-ын хоёр, ХБНГУ, Шинэ Зеландын тус бүр нэг иргэн байсныг энэ оны нэгдүгээр сард албадан гаргасан аж. Уг нь АНУ, Австралийн иргэд манай улсад 90 хоногийн хугацаагаар визгүй зорчдог бөгөөд хүсвэл 30 хоногоор сунгуулж болдог юм байна.
Харамсалтай нь, “Оюутолгой” болон туслан гүйцэтгэгч компанийнхан нь ажлын байрны төлбөрөөсөө зайлсхийж, жуулчны визээр орж ирсэн дээрх инженер, техникийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байсан гэнэ. Тэднийг Монгол Улсад орж ирэх эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлан, албадан гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
Тус компанийнхан гадаадын иргэдтэй холбоотой багагүй зөрчил гаргаж байж. Татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар 2010-2012 оны хооронд давхардсан тоогоор гадаадын 11 736 иргэн Оюутолгойд ирж ажилласан баримт ГИХГ-т байдаг ч тус компаниас татварын байгууллагад өгсөн мэдээнд дээрх онуудад 1033 хүний тоо гаргаж өгч байжээ.
Үүнээс гадаадын 756 ажилтан нь татварт хамрагдсан бол 10 700 хүний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсний орлого, зөвшөөрөл, хураамж, татвар төлөлтийн байдалтай холбоотой мэдээллийг тус компанийнхан гаргаж өгөөгүй гэнэ.
Г.Орчлон