БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй. ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд У Юн Гын ийн хэлснийг “Yonhap” агентлаг уламжиллаа.
“Айлчлалыг энэ онд багтаан хийхийг ОХУ хүссэн. Энэ дагуу айлчлал хийх нь. Товлосон цаг, газар, мөн хэлэлцэх асуудлын талаар Умард Солонгос удахгүй хариу өгнө. Үүссэн хэд хэдэн нөхцөлийг харгалзан үзвэл Ким Жөн Уны айлчлал энэ сард болох бололтой” гэж дипломатч хэлжээ.
Түүний хэлснээс үзвэл ирэх оны эхний хагаст ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөсөн байна. Түүний айлчлалыг зохион байгуулах талаарх хэлэлцээг мөн энэ онд багтаан эхлүүлэх аж. Тодруулбал, Сөүл, Москва хоёр чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт бэлтгэх хэлэлцээгээ удахгүй эхлэхийг У Юн Гын мэдээлжээ.
“Ким Жөн Ун ОХУ-д айлчилна. Гэхдээ тодорхой тохиролцоонд хараахан хүрээгүй байна” хэмээн тус улсын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр БНАСАУ, ОХУ-ын удирдагчид Владивосток хотод энэ сарын дундуур уулзах бололтой.
Мөн АНУ болон БНСУ сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс эш татан уламжлав.
Уг сургуулилалтыг хоёр орны тэнгисийн явган цэргийн хооронд туршлага солилцох Солонгосын хөтөлбөрийн хүрээнд хийдэг аж. Тус хоёр орны Тэнгисийн цэргийн хүчин хоёр долоо хоног үргэлжлэх хамтарсан сургуулилалтаа БНСУ-ын зүүн өмнөд эрэгт оршдог Похан боомтын бүсэд хийж байна.
Хамтарсан сургуулилалтад БНСУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус болон Японы Окинава аралд байрладаг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын гуравдугаар анги нэгтгэлийн 500 орчим цэрэг оролцож буй гэнэ.
АНУ болон БНАСАУ-ын удардагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон. Үүний дараа Дональд Трамп БНСУ-тай хамтран хийдэг цэргийн бүх сургуулилалтаа цуцалсан юм.
Пентагоны мэдээлснээр, тухайн үед “Freedom guardian” сургуулилалт болон Тэнгисийн цэргийн солилцооны хөтөлбөрийн дагуу дараагийн гурван сард хийхээр төлөвлөж байсан бусад сургуулилалтыг зогсоосон билээ.
Энэ жил Солонгос хоорондын харилцаа сайжирч, БНАСАУ, АНУ-ын хооронд хэлэлцээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор Америк, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтын тоог анх төлөвлөж байсан 19-өөс 11 болгож цөөрүүлжээ. Өнгөрсөн жил тус хоёр улс 17, 2016 онд 14 удаа хамтарсан сургуулилалт хийсэн байна.
Үүний сацуу Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр Солонгос өнгөрсөн сард цэргийн хэлэлцээр байгуулсан. Уг баримт бичигт заасны дагуу хоёр Солонгос энэ сард багтаан харуулын 22 цэгээ татан буулгах юм.
Мөн ирэх сарын эхээр Солонгосын хойгийн баруун эргээс 70 км зайтай усанд хамтарсан шалгалт хийхээр болсон. Энэ хэсэгт хоёр орны энгийн иргэдийн усан онгоцнууд үйл ажиллагаа явуулдаг аж.
Өнгөрсөн сард болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Хан мөрний сав газрыг хамтран ашиглахаар тохиролцсон билээ.