Дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох анхан шатны шүүх хурлыг 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлосон байна.
Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. 11.4.1-т зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ", 11.6.1-т зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заажээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү цуг явсан хоёр залуугийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй сөргөөцөлдсөн гэх мэдээлэл бий. Үүний улмаас Ц.Чойжилсүрэн толгойндоо гэмтэл авч, зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ.