Энэтхэгийн Гужарат хотод дэлхийн хамгийн өндөр хөшөөг босголоо. “Эв нэгдлийн хөшөө” нэртэй тус хөшөөг Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөнд чухал үүргийг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн Валлабхаи Пателийн дурсгалд зориулжээ. 182 метр өндөртэй хөшөө нийт 400 сая долларын өртгөөр боссон байна. “Энэхэг улсыг хүчирхэг, нөлөө бүхий болгохыг Патель хүсдэг байсан. Бид энэ чиглэлд ажиллаж байна” хэмээн Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди өгүүллээ.
“Эв нэгдлийн хөшөө” нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог Хятад дахь Буддагийн хөшөөнөөс 55 метрээр өндөр бол Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөнөөс даруй дөрөв дахин том ажээ. “Төмөр хүн” нэрээрээ алдартай Валлабхаи Патель Энэтхэгийн тусгаар тогтнуулын үйл хэрэгт бүхий л амьдралаа зориулсан бөгөөд тусгаар тогтносны дараах он жилүүдэд эх орноо нэгдсэн улс байлгах үйлсэд үнэмлэхүй чармайлт гаргасан төрийн агуу зүтгэлтэн юм.