Ногооны талбай услаагүй хэмээн ногоочин залуусыг усны сувагт удаан зогсоон, нойтон хувцастай гүйлцэж залхаан цээрлүүлсэн ерөнхий сайдын орлогч Зойир Мирзаевын үйлдэлд Узбекистаны иргэд ихэд дургүйцжээ. Улсын ерөнхийлөгч нь ч таалаагүй байна. Тиймээс ерөнхийлөгч Шавкат Мирзиеев түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.Мирзиеевийн үзэж байгаагаар Мирзаев энэхүү бүдүүлэг үйлдлээрээ түүний явуулж буй бодлогын эсрэг нөлөөг нийгэмд үзүүлсэн ажээ. Ерөнхий сайдын орлогчоос гадна Ташкент мужийн прокурорын орлогч, мужийн захирагч, орон нутгийн дарга нар ажлаасаа халагдсан байна.
Дээрх явдал энэ сарын 25-нд Узбекистаны Ташкент мужийн Аккурган тосгонд болжээ. Тэнд байсан хүмүүсийн ярьсанаар эрхэм дарга Мирзаев зургаан залууг усалгааны суваг дотор 45 минутын турш зогсоож, нойтон хувцастай нь гудамжаар гүйлгэсэн байна. Түүнчлэн орон нутгийн дарга нарын хуралд нутгийн фермерүүд оролцох гэтэл тэрбээр тэднийг дотогш оруулаагүйгээр барахгүй элдэв хэл үгээр доромжилжээ. Энэ явдал олон нийтийн сонорт хүрсэн даруйд сошиал сүлжээнийхэн #Ariqchallenge эхлүүлсэн нь Узбекистан улсын ерөнхийлөгчийг ямар нэгэн шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Мирзаев албан тушаалдаа дулдуйдан дээрхийн жишээний бүдүүлэг үйлдлийг урьд гаргаж байжээ. Тухайлбал, Ташкент мужийн Бекабадын районд очоод нэгэн залууг том чулуу өргүүлэн зогсоосныг гэрчлэх фото зураг тухайн үед интернэтэд түгэж байв.