Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Буянт-Ухаад буусан зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрснийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын ажилтнууд илрүүлжээ. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын рентген аппаратаар шалгах үед БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшнээс сэжигтэй зүйлс илэрсэн аж. Гаалийн хяналтын байцаагч нар түүнийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэн гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийсэн байна. Тэнд 248 900 ам.доллар, 200 000 юань хийсэн байсан гэнэ. Их хэмжээний валютыг нь хөрвүүлэхэд 710.9 сая гаруй төгрөг болж буй юм. БНХАУ-ын иргэн их хэмжээний валют авч яваа гэдгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд шалгаж байгааг тус байгууллагынхан мэдээллээ.
Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нууцаар оруулж ирэх гэсэн энэ их хэмжээний валютын эзэн нь чухам ямар зорилго агуулсан болохыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж тогтоохоор ажиллаж буй гэсэн. Өмнөд хөршийн болон манай иргэдтэй холбоотой 1.3 сая ам.долларын дуулианы араас дахиад их хэмжээний валют нууцаар манай улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхийг завдсан нь анхаарал татаж буй юм.