"Mongolia's next top model" шоу нэвтрүүлгийн оролцогч, "Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн. Түүний хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17.25 минутанд иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэж ажилласан. Шалгалтаар тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй, "Ч" унаж нас барсан байсныг тогтоож, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээллээ.