Ан амьтад гэдэг бидний л нэгэн адил эх дэлхийн эд эс билээ. Том толгойтой мэдэмхийрэгчид, зоргоороо авирлагчдын хүслээс болоод ховор нандин амьтдыг хайр найргүй хороох болоод тун чиг удлаа. Хоёр сарын өмнө гэхэд л Хан-Уул дүүрэгт найман настай хүүд тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгиулсны улмаас 38-39 хэм хүрч халууран, хүзүүний булчирхай томорсон зовуурьтайгаар түргэн тусламж дууджээ. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн хамтарсан баг хүүд түргэн шуурхай арга хэмжээ авч тусалсан. Хэрэв хүндэрсэн бол амь насанд нь аюултай байсан тул эцэг эхэд нь хатуу анхааруулсан байна. Хэдий үр хүүхэддээ муу санаж өгөөгүй нь лавтай ч дур зоргоороо загнасан болчимгүй үйлдлээс болоод балчир хүүхэд хэлмэгдэх ёстой гэж үү. Энэ мэт амьтны түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах гэсэн оролдлого нь тусыг эс олж бүр дордуулсан хэрэг олонтоо гардаг. Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилсөн, саяхан Хөвсгөл аймагт тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идсэнээс болж нас барсан тохиолдол гарсан.
Ан амьтны эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэх тустай гэх ам дамжсан яриа байдаг боловч орчин үеийн анагаах ухаанаар батлагдаагүй. Мэргэжлийн хяналтын газрын анхааруулж байгаагаар түүхий эд эрхтэн идэх нь өвчнийг эмчлэх бус харин халдвар авах үндэс суурь болох магадлалтайг анхааруулж байна. Тодруулбал, бүх эд эрхтэн рүү тэжээл зөөвөрлөдөг цус үржих таатай орчин болдог. Түүхий цус уух, эд эрхтэнг нь идэхэд мал, амьтанд байгаа өвчин шууд халдварлана гэсэн үг. Иймээс иргэд ам дамжсан ярианд итгэж хуумгай алхам хийхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Хорих тусам хорхойсдог нь хүний араншин гэлтэй. Элдэв зарлалаас үзэхэд саарал чононы эд эрхтэн, үнэгний арьс, хойлог, тас болон уран шувууны үүр, өд, мах, хулан адууны уушги, ургамлуудтай холбоотой зарууд түгээмэл байх юм. Үүгээр ч үл барам захын лангуун дээр л гэхэд 18 ширхэг цагаан зээрийн туурай, 24 ширхэг чонын арьс, тасын хошуу, баавгайн хумс, бугын эвэр, бүргэдийн тарс гэх мэт элдэв зүйлийн амьтны эд эрхтэнг наймаалж байсан талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар харамсан өгүүлж байлаа. Цээжиндээ зүрхтэй, цэцэн цэлмэг ухаантай хүмүүн гэгдэх та туулайн зүрх халуунаар нь залгихгүй л бол турж эцэн туниа муудаад байна уу? Яргуй идсэн бор гөрөөсний цус ууж, тасын толгойгоор тахил өргөж, чонын тархи идэхгүй бол танхил бие тань тамирдах гээд байна уу? Хүний хязгааргүй хүслийн золиос болохын тулд ямар ч амьтан өөрийн хүслээр амиа өгдөггүй.