Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, ямар нэгэн халдварт өвчин тараахгүй байх үүрэг хүлээдэг. Үүний тулд ажилтан бүр нь Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэртэй байдаг бөгөөд тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг шалгасан байна. Зарим байгууллагынхан эмч, эмнэлгийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн байв. Үүнээс гадна зөвшөөрөл бүхий эмнэлгүүд хүртэл үзлэг, шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт “Үзсэн” гэж бичиж өгснийг тогтоожээ.
“Өвчтэйгөө мэдээгүй иргэн дэвтрээ хуурамчаар бөглүүлснээр ажлын орчиндоо халдвар тараах эрсдэлтэй. Ялангуяа худалдаа, үйлчилгээний газарт ажилладаг бол олон хүнийг хохироох магадлалтай” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан анхаарууллаа.
Тухайлбал, “Монос” эмийн үйлдвэр, Орхон аймгийн “Эмпати” сургууль болон Багануур дүүргийн “Наран” ресторанд хордлого гарсан нь халдварын голомтод нян тээгч ажиллаж байсантай холбоотой гэнэ.