АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Пентагоны тэргүүн Жеймс Мэттис, FBI-ийн дарга Кристофер Рэй, Британийн хатан хаан Елизавет II, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг дэлхийн нөлөө бүхий удирдагчид хорт бодис илгээсэн хэрэгт сэжиглэгдэж буй Уильям Клайд Аллен шүүх хурал дээр өөрийн гэм бурууг хүлээсэнгүй.
АНУ-ын цэргийн алба хаагч асан тэрбээр дээрх хүмүүст токсин рицин төрлийн хорт бодис илгээсэн болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээсэн боловч шүүх хурал дээр өөрийгөө ийнхүү гэм буруугүй гэж мэдүүллээ. Хэрэв шүүх буруутай гэж үзвэл Клайд Алленийг биологийн зэвсэг хэрэглэсэн гэх зүйл ангиар зүйлчилж бүх насаар нь хорих ял оноох ажээ.
Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан ахмад дайчин Уильямыг Тангуулын төв газар энэ сарын 3-нд баривчилсан. Хүмүүст илгээгдсэн дугтуйн дээр илгээгчийн хаяг бичээстэй байсан тул тангуулынхан түүнийг төвөггүй олж илрүүлсэн байна. Уильям баривчлагдах үедээ рициний найрлагад хэрэглэдэг бодис худалдаж авч байсан бөгөөд дээрх худалдан авалтаа “Дэлхийн гуравдугаар дайн эхэлвэл хэрэглэхээр бэлтгэж байсан” хэмээн тайлбарлажээ. Харин дэлхийн нөлөө бүхий удирдагчдад хорт бодистой дугтуй илгээсэн үйлдлээ “Илгээмж” гэж тайлбарлаж байв.
Клайд Аллен цэргийн албанаас 2002 онд халагдсан бөгөөд түүнээс хойш төр засгийн удирдагчдыг нэг бус удаа сүрдүүлж байв. Тухайлбал, 2015 онд ерөнхийлөгчийг устгахыг заналхийлсэн захидлыг Цагаан ордонд илгээсэн бол хоёр жилийн дараа Америкийн Агаарын цэргийн хүчний Техас дахь баазад алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн.