Владислав Росляков гэгч 18 настай этгээд Крымийн Керчь хот дахь Политехникийн коллежид халдлага үйлдэн 20 хүний аминд хүрч, 74 хүнийг гэмтээсэн. Гэмт этгээд халдлагын дараа өөгийгөө егүүтгэсэн тул сургуулийн хяналтын камерт бичигдсэн ганц зураг л Оросын сэтгүүлчдэд олдсон. Тиймээс тэд гэмт этгээдийн төрх бүхий гэрэл зургийг хайх эрэлд мордож, Росляковынх гэх хэд хэдэн зургийг өглөөнөөс хойш нийтэлсэн юм. Оросын толгой сайтууд нь нийтэлж, төрийн телевизүүд нь хүртэл түгээсэн.
Гэтэл тэр зураг дээрх хүн нь Владислав Росляков биш болж таарлаа. Гэрэл зураг дээрх залуу Политехникийн коллежид халдлага үйлдсэн этгээд биш бөгөөд одоо амьд сэрүүн байгаа Владислав Рейх хэмээх эгэл жирийн залуу ажээ. Өөрийнх нь зургууд хэвлэл мэдээллээр алан хядагч нэрээр гарч байгааг Рейх мэдээд ихэд цочирдож, иргэдийн элдэв дайралтаас болгоомжлон гэртээ хэдэн цагийн турш бүгэж байна. Тэрбээр үнэн байдлыг олон нийтэд мэдүүлэх үүднээс сошиал сүлжээгээр дамжуулан видео мэдэгдэл хийлээ.
Уг бичлэгтээ тэрбээр өөрийнх нь зургийг буруугаар ашиглахгүй байхыг сэтгүүлчдээс хүссэн байна. Түүний сошиал хуудасны хаяг өөр нэртэй байтал сэтгүүлчид алан хядагч Росляковын нууц нэр байна гэж үзэж Рейхийн аккаунт дахь зургуудыг хэвлэл мэдээллээр түгээсэн байна. Асар хурдтайгаар өргөн хүрээнд тархсан энэхүү ташаа мэдээллийг үнэн бодитоор нь тэр хэмжээнд хүргэж түгээнэ гэдэг туйлын эргэлзээтэй гэдгийг олон нийтийн сэтгэл зүй судлаачид онцолж байна.