Гондурас, Гватемала улсын иргэдээс бүрдсэн нүүдэл Мексикийн хилд ойртож ирсэн тул Мексикийн Засгийн газар 500 гаруй цагдааг хилийн зурваст илгээжээ. Энэ сарын 15-наас нүүдэллэж эхэлсэн 15 мянган иргэн зам зуураа 1300 хүнийг эгнээндээ нэгтээд буй бөгөөд тэдний туйлын зорилго нь АНУ-д суурьших эсвэл Мексикийн Засгийн газраас орогнол хүсэх ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гондурасын Засгийн газарт хандан “Хэрэв эдгээр иргэдийг зогсоож, буцаан татахгүй бол тус улсад үзүүлдэг эдийн засгийн болоод бусад тусламжаа зогсооно” хэмээн анхааруулаад байна. Гэвч Гондурасын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас тус нүүдэл ийнхүү Мексикийн хилд дөхөж ирлээ.