Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол оронд айлчлах урилгыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд илгээлээ хэмээн Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA мэдээллээ. Тус агентлагийн дамжуулснаар Ерөнхийлөгч Х.Баттулга захидалдаа “Манай хоёр улсын найрамдалт харилцаа сүүлийн 70 жилийн хугацаанд олон салбар, чиглэлд өргөжин тэлж ирсэн. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны тэмдэглэлт ой тохиож буйтай холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Монгол улсад төрийн айлчлал хийнэ гэдэгт найдаж байна. Энэхүү айлчлал манай хоёр орны хувьд түүхэн үйл явдал байх болно” хэмээн тэмдэглэжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Орост айлчлах урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс аваад байгаа билээ. Тэрбээр урилгыг хүлээн авсанаа мэдэгдсэнээр Умард Солонгосын тал ОХУ-тай хамтран тус айлчлалын бэлтгэлийг хангах ажлыг өрнүүлж байна.