Явсан газар бүртээ дуулиан дэгдээдгээрээ алдартай рэпер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмждэг Америкийн цөөн оддын нэг билээ. Тэрбээр Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгчид арван минутын турш лекц уншлаа. Тус арга хэмжээнд Доналд Трампаас гадна түүний охин Иванка нөхөр Жаред Кушнерын хамт болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд байлцлаа. Мөн америк хөлбөмбөгийн домогт тоглогч, 82 настай Жим Браун хүрэлцэн очжээ.
Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар яагаад Хиллари Клинтонг дэмжээгүй талаараа өгүүлэхдээ “Хиллари надад таалагддаг. Гэвч “Би түүнтэй хамт” гэсэн сонгуулийн уриа нь таалагдаагүй. Энэ уриа надад ирээдүйд итгэх итгэлийг төрүүлээгүй” гэжээ. Харин Трампыг дэмжих болсон шалтгаанаа “Олон хүнтэй ярилцсаны дараагаар би нэг зүйлийг бодох болсон. Их орлоготой хүмүүс, хөрөнгөлөг афроамерикчууд ардчилагчдыг дэмждэг юм байна. Харин “Америк орныг дахиад агуу болгоё” гэсэн бичигтэй малгайг өмссөний минь төлөө элдвээр шахаж, айлган сүрдүүлэхийг оролдох хүмүүс олон байдаг. Гэтэл би энэ малгайг өмссөнөөр илүү их хүчийг олж, эр зоригтой болдог юм шүү дээ. Нэг ёсондоо Супермэн болдог юм” хэмээн тайлбарлажээ. Уэст үгийнхээ төгсгөлд “Трамп муухай харагдаж байвал бид ч муухай харагдана” хэмээн хэлсэн нь Трампад ихэд таалагджээ.
Уэст Цагаан ордноос гадаад Apple компанийн Вашингтон хот дахь Apple Store дэлгүүрт орон ажилчдад нь мөн лекц уншсан байна. Тэрбээр үг хэлэх зөвшөөрлийг дэлгүүрийн ажилчдаас аваад ширээн дээр гарч зогссон хэмээн сэтгүүлч Жек Женкинс Twitter хуудсандаа жиргэжээ. Сонирхолтой нь Доналд Трамптай уулзахдаа “Америк орныг дахиад агуу болгоё” уриаг нь магтан байсан тэрбээр энэ удаад өөр зүйл ярьсан байна. Уэст "Энэ урианы дахиад гэдэг үг хар арьстнуудыг доромжилж байна" гэж хэллээ хэмээн Женкинс онцлов.