АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Хейли ажлаа өгөхөөр болсон тухай мэдээлэл Америкийн улс төрийн хүрээллийнхнийг гайхшруулж байна. Тэрбээр тус ажлыг аваад хоёрхон жил болж байгаа бөгөөд ажлаа ч муугүй байж байгаа гэж үнэлэгддэг. Гэтэл Хейли өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзсныхаа дараа ийм шийдвэрт хүрсэн байна.
2019 оны нэгдүгээр сард ажлаа өгөхөөр болсон шалтгаанаа тэрбээр “Хувийн шалтгаанаар биш” хэмээн тайлбарлажээ. Харин Доналд Трамп Twitter хуудсандаа “Би найз бүсгүй Никки Хейлигийн хамтаар маргааш 10:30 цагт том мэдэгдлийг хийнэ” хэмээн бичлээ. Түүнчлэн өөрийн охин Иванка Трампыг АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчөөр томилох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ талаар “Иванка энэ ажилд яг тохирох байх. Гэхдээ охиндоо албан тушаал өглөө гэж буруутгагдмааргүй байна” хэмээн жиргэв.
АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Хейли өөрийн бичсэн нэгэн нийтлэлээрээ өнгөрсөн сард олны анхааралд өртөж байсан. Өмнөд Каролина мужийн захирагч асан тэрбээр Трампын багийн хүн боловч The Washington Post сонинд бичсэн нийтлэлдээ түүний явуулж буй бодлогыг шүүмжилсэн юм.