Оросын нэртэй хөлбөмбөгчдийн олон сая долларын мөнгийг аваад зугтсан банкир дөрвөн жилийн дараа баривчлагджээ. Москва хотын замын цагдаа авто замын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн Mercedes машиныг зогсоож, жолоочийн нь жолооны үнэмлэхийг нэгдсэн сүлжээгээрээ шалгасан байна.
Гэтэл дүрэм зөрчигч нь залилангийн хэргээр дөрвөн жилийн турш улс даяар эрэн сурвалжлагдаж байгаа Илья Бударин гэгч байсан тул түүнийг тэр дор нь баривчилжээ. Бударин иргэний үнэмлэхээ Аум Параманувич Пуруш нэрээр өөрчилсөн боловч жолооны үнэмлэхнийхээ нэрийг солиогүй байсан нь цагдаагийнхны олз болсон байна. Энэ хугацаанд тэрбээр нэгэн тосгонд оргож байсан гэнэ.
Илья Бударин “Замоскворецкий” хэмээх жижиг банкны эзэн байсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн 2.5 тэрбум рублийг залилсан хэргээр тус банкны удирдлагад 2014 онд эрүү үүсгэжээ. Энэ үед Бударин Оросын нэртэй хөлбөмбөгчид болох Дмитрий Кириченко, Андрей Каряка, Дмитрий Хохлов, Дмитрий Сычев, Юрий Никифоров, Евгений Алдонин, Ролан Гусев нарын 12 сая долларыг аваад ор сураггүй алга болсон байжээ.