Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын ерөнхийлөгч Мэн Хун Вэй хээл хахуулийн хэргээр БНХАУ-д баривчлагджээ. Тиймээс тэрбээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Интерполд гаргаж, улмаар ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Ким Чен Ян томилогджээ. Харин Интерпол ирэх сард Дубайд болох 87-р чуулганаараа шинэ ерөнхийлөгчөө сонгох юм байна.
64 настай Мэн Хун Вэй энэ сарын 5-нд Францаас Хятад руу яваад сураггүй алга болсон бөгөөд Хятадын цагдаагийнханд баривчлагдсан болох нь хожим мэдэгдсэн юм. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төсөлд нэгэн компанид давуу эрх олгосон хэмээн Хятадын хууль сахиулагчид түүнийг буруутгаж байгаа аж. Мэн Хун Вэй алга болсноосоо хэдэн цагийн дараа хутганы дүрс бүхий зургийг эхнэртээ илгээжээ. Аюул нүүрлээд байгааг тэрбээр ийм байдлаар ойлгуулахыг оролдсон гэнэ.