Төв Америкийн олон мянган дүрвэгчийн цуваа Гватемал улсын талаас ирснийг саатуулахаар Мексикийн эрх баригчид хэдэн зуун цагдаагаа хил рүүгээ илгээжээ. Мексиктэй залгаа хилээ хаахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амласны дараа ийм хөдөлгөөн өрнөсөн аж. Дүрвэгсдийн цувааг саадгүй нэвтрүүлсэн улсуудад үзүүлэх тусламжаа багасгахаа ч тэрбээр мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Сальвадор, Хондурас, Гватемалын иргэд хүчирхийлэл, ядуурлаас зугтаж буй.
Сүүлийн мэдээгээр хэдэн зуун дүрвэгч Мексикийн өмнөд хилээр нэвтрэхийг оролдож, төвийг сахисан бүсэд тус улсын цагдаагийн тусгай албаныхны хаалттай тулгарчээ. Явган цуваанд оролцогчдыг хил нэвтрүүлэхгүй байхын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан гэнэ. Үүний дараа дүрвэгсдийн нэг хэсэг нь гүүрнээс гол руу үсэрч, бусад нь Гватемал руу буцаж, эсвэл гүүрэн дээр суугаад үлдсэн байна. Зохих бичиг баримттай хүнийг л нэвтрүүлэхээ Мексикийн эрх баригчид дүрвэгсдэд мэдээлжээ.
Дүрвэгсдийг тогтоон барьж буйн төлөө Мексикт АНУ-ын Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн байна. Үүнээс өмнө 2016-2017 онд 175 сая гаруй долларын тусламж авсан Хондураст үзүүлдэг тусламжаа багасгана хэмээн Д.Трамп сүрдүүлсэн билээ. Ирэх сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнөхөн тэрбээр ийн мэдэгдсэн юм. Цагаач, дүрвэгчийн асуудлаар сонгогчдын дэмжлэгийг ийн авахаар Д.Трамп шийдсэн бололтой.
ЯАГААД ДҮРВЭГСДИЙН АСУУДАЛ АНХААРАЛ ТАТАВ
АНУ-ыг зорьж буйгаа дүрвэгсэд нуугаагүй байна. Хууль бусаар цагаачилж, дүрвэхийг сонгогдохоосоо өмнө эсэргүүцдэг байсан Д.Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа сонгуулийн өмнөх амлалтаа хэрэгжүүлж эхэлжээ.
Олон нийтийн шахалтаар тэрбээр гаргасан шийдвэрээ өнгөрсөн зургадугаар сард цуцалснаар АНУ-ын эрх баригчид саатуулсан хууль бус цагаачдаас хүүхдийг нь тусгаарлахаа больсон юм. Энэ асуудал 2500 орчим хүүхдийг хөндсөн билээ.
ВВС-гийн Вашингтон дахь сурвалжлагч Энтони Зурхерийн хэлснээр Д.Трамп хилийн хяналт, дүрвэгсдийн талаарх бодлогоо дэмжүүлэхийн тулд тэдний цувааг шалтаг болгон ашиглаж буй нь анхны тохиолдол биш. Мексикийн хил рүү цэрэг илгээх талаар Америкийн Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм. Тэр үед ч Төв Америкийн дүрвэгсдийн цувааг таслан зогсоох тухай ярьж байсан билээ. Гэвч ирэх сарын сонгуулийн өмнө хилийн Техас, Аризона муж улсад хил хаахад цэрэг ашиглах боломжгүй. Ийм алхам хийвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор нь арванхоёрдугаар сараас албан тушаалаа хашиж эхлэх Мексиктэй харилцаагаа муутгахад хүргэж магадгүй юм.
ХИЛЭЭ ХААХ БОЛОМЖТОЙ ЮУ
Олон мянган хүн, хэдэн тонн бараа өдөр бүр АНУ, Мексикийн хилийг хууль ёсны дагуу нэвтэрч байна. Хэдийгээр Д.Трамп хилээ хамгаалуулахаар үндэсний гвардын цэргүүдээ илгээсэн ч энэ нь худалдаа болон визтэй хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй, эсэх нь тодорхойгүй байна.
Олон улсын хуульд зааснаар орогнох эрх хүсэгчийн өргөдлийг судлан үзэхгүйгээр АНУ хэн нэгнийг хөөх боломжгүй. Тус улсын шахалтаар Мексик хил рүүгээ цагдаа илгээсэн. Гэхдээ дүрвэгсдийн цувааг зогсоох бодол тус орны эрх баригчдад байхгүй аж. Баримт бичиггүй хүмүүс дүрвэгчийн статустай болох хүсэлт гаргах, эсвэл нутаг буцах ёстой гэж Мексикийн эрх баригчид мэдэгджээ.
ДҮРВЭГСДИЙН ЦУВАА
Явган хүмүүс голдуу дүрвэгсдийн цуваа одоо Гватемалаар дамжиж байна. Тэргүүн эгнээнийхэн нь Мексикийн өмнөд хилд хүрчээ. Энэ цуваа өнгөрсөн долоо хоногт Хондурасаас гараагаа эхэлсэн аж. Дүрвэгсдийн олонх нь гар тээшгүй шахам, үүргэвчид багтах зүйлсээ л авчээ. Тэд нийт 4500 орчим км зам туулах гэнэ.
“Associated press” агенлагийн мэдээлснээр дүрвэгсдийн олонх нь паспортгүй, Төв Америк дотроо аялахыг зөвшөөрдөг иргэний үнэмлэхээ ашиглаж байна. Харин Мексик улс хилээ нэвтрүүлэхийн тулд паспорттой байхыг шаардаж буй аж. Харин “France presse” агентлагийн мэдээлснээр тус улсын эрх баригчид хүүхэд, эмэгтэйчүүдийг хил нэвтрүүлээд, Цагаачлалын албандаа бүртгэн, тусгай төвд хүргэх болсон гэнэ.
Хүнийг аюулгүй байдлын заналхийлэл гэж ханддаг Д.Трампын аргаар Мексик зэвсэглэх ёсгүй гэж хүний эрхийн “Amnesty international” байгууллагын төлөөлөгч Эрика Гевара Розасын үзэж байна. Амь насанд нь аюултай байж болох эх орон руу нь дүрвэгсдийг хөөхгүй байхыг тэрбээр уриалжээ.
Ирэх арванхоёрдугаар сард албан тушаалдаа орохдоо Төв Америкийн дүрвэгсдэд ажлын виз олгохоор төлөвлөж буйгаа Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.
ЭХ ОРНООСОО ЗУГТАХ БОЛСОН ШАЛТГААН
Гватемал, Сальвадор, Хондурасын хүн амын 10 орчим хувь нь дээрэм тонуул, эдийн засаг нь хөгжих хэтийн төлөвгүйн улмаас эх орноосоо явж байна. Эдгээр нь хүн амины хэргийн гаралт хамгийн өндөртэй улс юм. НҮБ-ын мэдээлснээр 2015 онд Хондурасын 100 мянган оршин суугчид хүн амины 63.75, Сальвадорт 108.64 хэрэг ногдож байв. Дүрвэгсдийн цуваа Америк мөрөөдлийн төлөө хөврөөгүй, харин Хондурасын аймшгаас зугтаж яваа юм гэж тус улсын сөрөг хүчний улстөрч Хари Диксон мэдэгджээ.