Ли Ман хэмээх гудамж цэвэрлэгч хятад ажилтан Хайнань арлын Хай Коу хотод ажлаа хийж байгаад ууттай зүйл олжээ. Өргөх гэхэд хэт хүнд байсан тул уутны амыг нээтэл 100 дэвсгэрт бүхий 150 мянган юань (55 сая төгрөг) байсан байна. “Би их хэмжээний мөнгө олчихоод эхлээд ихэд гайхсан. Мөнгөө алга болгосон хүн ихэд шаналж байгаа байх даа гэж бодон эзэнд нь буцааж өгөхөөр шийдсэн” хэмээн ярих тэрбээр мөнгийг цагдаагийн газарт хүргэж өгчээ. Хуульч сахиулагчид дэвсгэртүүдийн сериалын дугаараар мөнгөний эзэнг сурвалжлан хоёр цагийн дотор олжээ. Мөнгөний эзэн нь нутгийн нэгэн бизнесмэн байх бөгөөд түүний компанийн цэвэрлэгч ууттай мөнгийг нь хог хэмээн бодож хогийн сав руу хаячихсан байжээ.
Бизнесмэн мөнгийг нь олж өгсөн Ли Манд талархсанаа илэрхийлж 20 мянган юань буюу 7 сая 400 мянган төгрөгөөр шагнасан байна. Тус мөнгө Ли Маны жилийн цалинтай тэнцэх ажээ. Хамгийн сонирхолтой нь, Ли Ман урамшууллын мөнгийг авахаас татгалзсан байна. Тэрбээр энэ шийдвэрээ “миний үүрэг” хэмээн тайлбарлажээ. Гудамж цэвэрлэгч хятад залуугийн энэхүү түүх сошиал ертөнцийг шуугиулж эхэлсэн бөгөөд олон нийт түүнийг “Сайхан сэтгэлт ажилтан” хэмээн нэрлээд амжжээ. Үүний зэрэгцээ сошиал хэрэглэгчид түүний авдаг цалингийн хэмжээний талаар шуугиж байна. Учир нь Ли Мангийн жилийн цалин тухайн орон нутгийн дундаж цалингийн хэмжээнээс хавьгүй доогуур байдаг ажээ.