Зураг засварын Adobe Photoshop программ 1990 онд анх олны хүртээл болсон. Тиймээс зургийг өөрчлөх үйл явц үүнээс хойш үүссэн гэж олон нийт үзэж, 1990 оноос өмнөх зургуудыг бодит хэмээн итгэдэг. Гэтэл зургийг эвлүүлж олон нийтийг төөрөлдүүлэх явц нь гэрэл зураг хөгжиж ирсэн үеэс л эхтэй ажээ. Үүнийг батлах үүднээс дэлхий нийтийг тэр аяар нь төөрөлдүүлсэн алдартай эвлүүлэг зургуудыг толилуулъя.
Америкийн генерал Улисс С. Грантын энэхүү зураг бодит гэдэгт итгэж, Америкийн иргэний дайны үеийн бэлгэ тэмдэг болсон зураг хэмээн олон нийт үзсээр ирсэн. Гэтэл уг зураг гурван зурагны эвлүүлэг ажээ. Үүнийг АНУ-ын Конгрессийн номын сангийн судалгаа хожим баталсан байна.
Цөмийн бөмбөгийн эцэг гэгддэг Альберт Эйнштейн туршилтын полигонд бөмбөг дэлбэлчихээд дугуй унаад, дээр нь баяртай нь аргагүй мишээн буцаж буй энэ зургийг олон хүн харсан. Тэгвэл тус зураг бас л эвлүүлэг, хоёр зургийн нийлбэр. Хамгийн сонирхолтой нь, тус зургийг орчин үеийн түвшинд эвлүүлсэн байгаа юм.
“Битлз” хамтлагийн дуучин Жон Леннон, цуутай хувьсгалч Че Геварагийн шүтэн бишрэгчид уг зургийг хараад магнай хагартал баярласан биз ээ. Том улс томчуудтайгаа уулзан гитар тогложээ гэж. Гэтэл бас л эвлүүлэг. Эх зурган дээр бол Леннон Уэйн Габриэльтай гитар тоглож байдаг байна.
Дэлхийн хамгийн цуутай нууц амрагууд болох АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, жүжигчин Мерилин Монрогийн дотно харилцааг илчлэх гэсэн оролдлогыг тухайн жилүүдэд Америкийн олон гэрэл зурагчин хийсэн. Гэвч Элисон Жексон шиг олны бодлыг төөрүүлж чадсан нь үгүй. Тэрбээр өдөөн хатгасан, сэжиг ажиг төрүүлэхүйц зураг авдгаараа алдартай хэдий ч энэ зургаараа л хамгийн их алдаршсан юм. Түүний зургийн бодитойд америк хүн бүр итгэж байлаа. Гэтэл тэрбээр Кеннеди, Монротой адил зүс царайтай хүмүүсээр тоглуулан дээрх зургийг тавилттай авсан юм.
Интернет дэх баримтуудаас харахад, дэлхийн анхны түргэн тусламжийн машины зураг хэмээн тус зургийг тодорхойлдог. Гэтэл энэ зураг АНУ-ын цэргийн хүчний түргэн тусламжийн эгэл жирийн сүйх тэрэг ажээ.
АНУ-ын хамгийн алдартай Ерөнхийлөгчийн нэг Авраам Линкольныг энэ зургаар л дэлхий нийт төсөөлдөг. Яг ингэж авахуулсан мэтээр боддог. Гэвч үгүй ажээ. Уг зургийн эх хувь дээр Жон Кэлхун байх бөгөөд түүний толгойны оронд Линкольныхыг байрлуулчихжээ. Үүнийг хожим мэдсэн мэргэжилтнүүд гайхаж хоцорсон гэдэг.
Алдартай мотоцикл “Харли Дэвидсон”-ы анхны зургуудын нэг. Харин түүнийг унаж буй хоёр залууг “Харли Дэвидсон”-ыг үндэслэгчид болох Уильям Харли, Артур Дэвидсон нар гэж боддог. Гэтэл тэд тус мотоциклийг шүтэн бишрэгч эгэл жирийн залуус юм.
Энэ зураг интернетэд тавигдсан үеэс л хүмүүс буруу ойлголттой болсон нь “Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы цэргүүд хөлбөмбөг тоглож байна” гэх бодол. Гэтэл тус зургийг Грект авчээ. Тоглож буй улс нь герман бус британичууд. Тоглож буй спорт нь хөлбөмбөг бус теннисбол.