Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай Дэлхийн II дайн нь Герман улс Польшид довтолсноор эхэлсэн хэмээн дэлхий нийт ойлгодог. Гэтэл уг дайн түүнээс урьд буюу 1938 оны 9-р сарын 30-нд тайван замаар эхэлсэн түүхтэй. Эл өдөр дөрвөн эзэнт гүрний төрийн тэргүүнүүд “Мюнхений гэрээ” хэмээх нэрийн дор Чехословак улсын нутаг дэвсгэрийг хуваасан нь Адольф Гитлерийн хожим өдөөх их дайны гол хөшүүрэг болсон хэмээн дэлхийн түүхчид үздэг. Тиймээс ч Уинстон Черчилль “Энхийг сахиулагч өөрийгөө хамгийн сүүлд идээсэй гэж хүсэхдээ л матрыг хооллодог” гэсэн алдарт афоризмоо хэлж, Чехословакийн Ерөнхийлөгч Эдуард Бенеш тус гэрээг “Урвах гэрээ” хэмээн нэрлэсэн билээ.
Одоогоос 80 жилийн өмнө Герман, Итали, Их Британи, Францын тэргүүнүүд Чехословак улсын газар нутгийн тодорхой хэсгийг Герман, Польш, Унгарт шилжүүлэх гэрээг байгуулсан. Ингэхдээ Чехословак Засгийн газрын саналыг авч хэлэлцээгүйгээр барахгүй дээрх хуралд төлөөлөгчдийг нь оролцуулаагүй. Хүний нутгийг далдаар хуваасан үйлдлээ британи, францчууд “Европт үүсч болзошгүй дайнаас зайлсхийх үүднээс” хэмээн тухайн үед тайлбарлаж байлаа. Гэтэл энэ үйлдэл нь Гитлерийн цангааг тайлах бус улам өдөөжээ. Дээрх гэрээний үр дүнд Гитлер Судетийн мужийг салгаж авсан. Энэ бол сүрдүүлгийн замаар олж авсан түүний гурав дахь нутаг нь байлаа. Үүнээс өмнө Саара болон Авсрийн зарим хэсгийг өөрийнх болгоод байв.
Австр-Унгарын эзэнт гүрэн бутрах үед Судетийн муж Чехословакийн талд хуваарилагдсан юм. Оршин суух хүн амын 90 хувь /3.3 сая/ нь герман үндэстэн. Дээр нь машин, төмөрлөг, химийн гээд эдийн засгийн чухал ач холбогдолтой аж үйлдвэрлэл тэнд оршин байсан нь Гитлерийн арааны шүлсийг аргагүй их асгаруулжээ. Тиймээс ч тэрбээр Судет дахь германчуудаар дамжуулан бүс нутагт хэдэн жилийн турш тогтворгүй байдлыг үүсгэж ирсэн. Үүний тул Конрад Генлейн гэгчээр тэргүүлүүлсэн нам байгуулж, орон нутгийн өөрөө удирдах засаг захиргаанд үндэстний цөөнхийг оруулахгүй байх зэрэг уур амьсгалыг хурцатгах олон бодлогыг явуулав. Үүний нэг нь Судет мужийг Германы харьяанд оруулах зорилго бүхий олон нийтийн санал асуулга байлаа. Хэрэв байдал хурцадвал тус мужийг цэргийн хүчээр нэгтгэх зорилгоор Гитлер Чехословакийн хил дээр цэрэг армиа байрлуулаад байлаа.
Тэр ч бүү хэл рэйхканцлер Нюрнберг хотод илтгэх тавихдаа “10-р сарын 1 гэхэд Судет мужийг өгөхгүй бол би цэргийнхээ эхний эгнээнд жагсан Чехословак руу дайран орно” хэмээн заналхийлсэн. Санаархаж буй газар нутгаа хямд үнээр олж авах торгон агшинг мэдэрсэн Польш улс Силезиг, Унгар улс Өмнөд Словакийг авахаар мөн зүтгэх болсноор үйл явдал илүү өргөн хүрээг хамрав. Тиймээс эзэнт гүрнүүдийн удирдагчид буюу Германы Адольф Гитлер, Италийн Бенито Муссолини, Францийн Эдуард Даладье, Их Британийн Невилл Чемберлен нар Мюнхенд хуралдаж Чехословакийн газар нутгийг хуваасан нь тэр билээ.
Гэхдээ үүнээс өмнө Гитлер, Чемберлен хоёр Бад Годесбергт уулзан гол тохироогоо хийчихсэн байсан тул Мюнхений конференц нь тохироог баталгаажуулах л процесс байсан гэдэг. Тэгээд ч АНУ-ын тэргүүн Франклин Рузвельт Чемберлений барьж буй бодлогыг дэмжиж байжээ. Ингээд 41.000 квадрат километр газар нутаг таван сая хүн, аж үйлдвэрлэл, зарим зэр зэвсгийн хамт Германы талд шилжив. Мөн Польш, Унгар улсууд ногдох газраа хүртсэн. Мюнхений конференц өндөрлөснөөс нэг жилийн дараа Дэлхийн II дайн эхэлсэн билээ.