Монголын түүх, соёлын хосгүй үнэт өв болсон бурхан тахилыг гадаад, дотоодынхны захиалгаар хулгайлж, дээрэмдсэн хэрэг цөөнгүй гарч, зарим гэмт этгээдийг саатуулсан ч бурхад олдоогүй. Мөн бурхан дээрэмдээд борлуулах гэж байгаад баригдсан тохиолдол ч нэг бус.
Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ сарын 16-нд Хэнтий аймгийн Дадал суманд гэрийн эзнийг нь хүлж, алтадсан “Ногоон дарь эх” бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ талаар сумын иргэдээс тодруулахад “27 настай Ц гэх залууг хоёр хүн хүлээд гэрт нь орж, алтан бурхныг нь авч явсан байна. Аймгаас Цагдаагийн газрынхан, Биндэр дэх хэлтсийнхэн ирж шалгаж байгаа” гэлээ.
Бидний авсан мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд гэмт этгээдүүд мөн, эсэхийг нутгийн зарим иргэн хэлж мэдэхгүй байлаа. Прокурорын эх сурвалж “Хотоос хоёр хүн ирж, мал дээрээ ганцаараа байдаг залууг хүлээд бурхныг нь дээрэмдсэн байна лээ. Тухайн айлынхан бурхнаа 300 саяар үнэлж байгаа гэсэн. Юутай ч манай цагдаагийнхан хэргийг шуурхай илрүүллээ” хэмээв.
Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрынхнаас тодруулахад “Хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Хэнтий аймагт 2017 оны зургадугаар сард нэг айлд мөн л хоёр хүн дайрч ороод, гэрийн эзэн өндөр настнуудыг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах бичин дүртэй “Ганеш” гэдэг бурхныг нь дээрэмдэж, хотод авчран зарах гэж байхад тус аймгийн Цагдаагийн газрынхан, МБА-ны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж байсан билээ.
Энэ төрлийн хэргийг үйлдэгчид хохирогчийнхыг эртнээс судалж, худалдан авах хүнээ хүртэл тооцоолсон байдгийг хууль сахиулах байгууллагынхан хэлж буй. Тиймээс түүх, соёлын хосгүй үнэт эд зүйл, бурхан тахилаа харуул хамгаалалттай, аюулгүй газар хадгалж байх нь чухал гэдгийг цагдаагийнхан анхаарууллаа.
Г.Равжаа