CBS корпорацийн ерөнхийлөгч Лесли Мунвесийн бэлгийн дарамтад өртсөн зургаан бүсгүйн мэдүүлгийг New Yorker сонин нийтэлснээр харассментийн бас нэгэн том хэрэг мандлаа. Энэ нийтлэл гарсны дараа ноён Мунвес корпорацийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын ажлуудаа өгсөн байна. New Yorker сонин энэ талаарх эхний мэдээллээ энэ оны долдугаар сард дэлгэж байв. Түүний автор нь Ронан Фэрроу юм. Фэрроу Холливудын продюсер Харви Вайнштейний хэргийг илчилсэн нийтлэлийг хамтран бичилцсэн сэтгүүлч билээ. Мунвесийн дарамтад өртсөн гэдгээ одоогоор 12 эмэгтэй мэдэгдээд байгаа. Тэрбээр ажлын давуу байдлаа ашиглан эмэгтэйчүүдийн биед хүрч, үнсэж, мөн карьерийг нь үгүй хийнэ хэмээн сүрдүүлдэг байсан гэнэ. Харин ноён захирал гурван бүсгүйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрөөд байна. Сонирхолтой нь, Мунвес CBS корпорацийнхаа хамтаар бэлгийн дарамтын эсрэг #MeToo хөдөлгөөнд 20 сая долларын тусламж үзүүлж байжээ.