Сэтгүүлч Боб Вудворд энэ сарын 11-нд худалдаанд гарах номондоо “Доналд Трамп БНАСАУ-д дайн зарлах дөхсөн” гэж бичжээ хэмээн Бртанийн Express веб сайт мэдээллээ. “Айдас, Трамп Цагаан ордонд” хэмээх тус номонд тэмдэглэгдсэнээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ дахь Америкийн цэргийн алба хаагчдын гэр бүлийн 28 мянган хүнийг эх орондоо буцаан авчрах тухай Twitter хуудсаараа дамжуулан мэдээлэх гэж байсныг Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис ятгаж болиулсан гэнэ. Хэрэв ийм алхам хийвэл дайн зарлалаа гэж БНАСАУ-ын тал ойлгон БНСУ руу довтолж магадгүй хэмээн тэрбээр ерөнхийлөгчдөө тайлбарлаж ойлгуулсан ажээ. Харин Цагаан ордон Боб Вудвордын бичсэн мэдээллийг үнэнд үл нийцнэ хэмээн тайлбарласан байна.