“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдүүлсэн худалдааны дайн дэлхийн эдийн засгийг 1.52 их наяд долларын алдагдалд оруулна. Гэхдээ тус улсад уг алдагдлын дийлэнх нь ногдоно” гэж Олон улсын валютын сан (ОУВС)-гийн жил тутмын хуралдааны үеэр мэдээлснийг Испанийн АВС сонин уламжлав.
Тус сангийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, үйл явдал хамгийн муугаар эргэлээ гэхэд дэлхийн зах зээлийн үзүүлэлт 17 хувиар, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1,9 хувиар буурах аж. Ингэснээр 2008-2009 оны санхүүгийн хямралаас илүү хохирол дэлхийн эдийн засагт учирч болзошгүй байна.
Мөн Д.Трампын засаг захиргааны явуулж буй, дотоодын зах зээлээ гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалах бодлогоос учрах үр дагаврыг дэлхийн эдийн засаг бүрэн мэдрээгүй байна гэж ОУВС-гийн шинжээчид үзэж буй аж. Ирэх жилд олон улсын худалдаа томоохон асуудлуудтай тулгарах гэнэ.
Одоогоор дэлхийн худалдааны өсөлт 3.9 хувьтай байна хэмээн таамаглаж байгаа нь өнгөрсөн оныхоос тал хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ энэ үзүүлэлт нэмээд 0,2 хувиар буурна гэж шинжээчид таамаглажээ. АНУ, Хятадын худалдааны дайнаас гадна Европын Холбооны бүрэлдэхүүнээс Их Британи гарахтай холбоотой тодорхойгүй байдал мөн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Худалдааны дайнаас Хятад улс удахгүй хамгийн их хохирол амсах бол хэтдээ татварын хариу арга хэмжээний улмаас АНУ-д илүү их хохирол учрах аж.