Дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая гаруй нохой байдаг гэсэн баримт бий. Тэдгээрээс герман дог үүлдрийн нохойг хаанаас нь ч харсан шууд таньж болно. Асар том биетэй ч маш нөхөрсөг эл нохойг анх зэрлэг гахай болон буга агнах зориулалттайгаар гаргаж авсан бөгөөд 1891 онд албан ёсоор “Great dane” буюу герман дог хэмээн бүртгэсэн түүхтэй.
Герман дог эзэмшигчдийн Монголын клубийнхэн энэ сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах гэж байна. Энэ үеэр герман дог үүлдрийн нохойн үзэсгэлэн гаргах төдийгүй 3-6, 6-9, 9-15, 24 сараас дээш насны ангилалд шилдэг нохой шалгаруулах тэмцээн зохион байгуулах аж. Түүнчлэн тус үүлдрийн нохойны үржил болон хөгжлийн талаар ярьж, импортоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа нохдыг танилцуулж, ирэх онд БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн аварга нохой шалгаруулах үзэсгэлэн, тэмцээн, мөн ОХУ-д энэ төрлийн тэмцээнүүдэд хэрхэн бэлдэж оролцуулах, handler буюу нохой хөтлөгч хүний анхаарах зүйлсийн талаар чөлөөт ярилцлага хийх юм байна. Дашрамд дурдахад, дээрх өдөрлөгт герман дог нохойг дагнан судладаг ОХУ-ын судлаач нар мөн оролцож, нохдыг эрүүл чийрэг, зөв боловсон тэжээх, хариуцлагатай зөв үржүүлэг хийх, хүмүүст сурталчлан таниулах сургалт зохион байгуулах юм.