БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамптай уулзахдаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны илгээлтийг дамжуулсан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы арга хэмжээнд оролцохоор Америкийн Нью-Йорк хотод очсон юм.
Хоёр Солонгосын удирдагчид БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод энэ сарын дундуур дээд хэмжээний гурав дахь уулзалтаа хийх үеэр Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчаас илгээлтийг нь авсан аж. Энэ уулзалтын дүнд талууд хоёр улсыг тусгаарлаж буй цэрэггүй бүс орчимд дайсагнасан ажиллагаа явуулахаас татгалзахаар тохиролцож, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний ээлжит уулзалт ойрын хугацаанд болох ч Сингапураас өөр газар болно гэж Д.Трамп урьд нь мэдэгдсэн.
Тэрбээр Мүн Жэ Интэй уулзахдаа АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө хийх алхмуудаа зохицуулахаар тохиролцож, цаашид Пёньянд хориг арга хэмжээ авах замаар шахалт үзүүлсээр байх нь чухал үзсэн байна. Хоёр удирдагчийн уулзалтын дараа Цагаан ордноос нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд ийн дурджээ.
“Солонгосын хойгийн цөмийн зэвсгийг устгах нь эдийн засгийн хувьд хөгжих, бат найдвартай энх тайван байдал тогтоох цорын ганц арга зам болохыг БНАСАУ-д ойлгуулахын тулд авсан хориг арга хэмжээг цаашид улам чангатгах нь чухал гэдгийг хоёр удирдагч хүлээн зөвшөөрлөө” хэмээн дээрх мэдээлэлд тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Д.Трамп мөн Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах эцсийн үр дүнд хүрэхийн тулд хийх ажил маш их байгааг онцолжээ.